Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилд 1.9 хувьтай байгаа бөгөөд энэ оны төгсгөлд ДНБ 2.6 хувиар өснө гэж тооцож буйг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Инфляци 14.2 хувьтай байгаа бөгөөд эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлснээр нэг оронтой тоо руу шилжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.
Цар тахлаас хойш уналттай байсан уул уурхайн салбар ирэх онд өсөлттэй байх төлөвтэй байгаа. Тухайлбал, ирэх онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цар тахлын өмнөх үеийнхтэй ижил хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар байна. Монгол Улсын экспортын хэмжээг цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хүргэхгүй бол валютын нөөц улам багасах эрсдэлтэй байгааг тэрбээр дурдсан юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Мөнгөний нийлүүлэлт 28 их наяд төгрөг байсан бол одоо 26.9 их наяд болж багассан байна. Арилжааны банкуудын гаргаж буй зээл буурч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой өрхүүд хадгаламжаа ашиглаж эхэлсэн нь үүнд голлон нөлөөлсөн. Улсын хэмжээнд иргэдийн хадгаламжийн хэмжээ оны эхэн үеийнхээс 3 орчим их наяд төгрөгөөр багассан нь иргэдийн бодит ордлого буурч байгааг харуулж байгаа юм. 2008-2009 оны санхүүгийн хямрал 2-3 жил, 2014 оны хямрал мөн ижил хугацаанд үргэлжилж байсан.
Харин КОВИД-19 болон олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан хямрал удаан үргэлжилж байна. Үүнээс гарахын тулд Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийг тогтворжуулах үйл ажиллагаа хэрэгжүүлж, мөнгөний бодлогыг хатууруулж, төсвийн бодлогыг чангатгана. Монгол Улсын төсвийн алдагдлыг 2022 онд 2.4 их наяд байхаар баталсан. Харин ирэх жил 1.5 их наяд төгрөг байхаар төсвийн төсөлд тусгаж байгаа. Энэ нь эдийн засгийг тогтворжуулахад чухал нөлөөтэй. Цаашдаа бүх шатны боловсруулах үйлдвэрлэлийг нэг шатаар ахиулах бодлого барьж байгаа. Ингээд хөрөнгийн зах зээл, банкны салбарын өрсөлдөөнийг сайжруулна. Ирэх оны төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт тусгаагүй бөгөөд энэ нь УИХ-ын баталсан Хөгжлийн төлөвлөгөөтэй нийцэж байгаа юм” гэлээ.