Бадганы төрөлх өвөрмөц чанартай хүн: Том биетэй, мариалаг, гэдгэр нуруутай, чийрэг, зүс царай нь цайвар, магнай нь уужим, ханагар цээжтэй, арьс нь тослог, уужуу тайван зантай, уургүй, оюун төгс, бодсон бодлоо хадгалж чаддаг, нойр ихтэй, өлсөж ундаасахад тэсвэртэй, биеийн илч багатай, амархан даарна.
Тохирох идээ ундаа: Бүлээн, хөнгөн, ширүүн чанартай хонь, загасны махыг зохих хэмжээгээр хэрэглэж, буцалсан бүлээн ус, зөгийн балтай бүлээн ус, халуун цай уух нь тохиромжтой. Хонь, адуу, тэмээ, үхрийн хуучирсан мах, загасны мах, аарц ааруул, монгол амуу, хуучирсан үрс, хар буурцаг, лууван, төмс, манжин зэргийг хэрэглэвэл зохино. Хоолондоо сонгино, сармис, чинжүү, шинцай, библин, гоньд зэрэг амтлагчийг хэрэглэвэл сайн.
Ходоодны галын илч буюу хоолны шингэц багатай байдаг тул өлөн элгэн дээрээ буцалсан бүлээн ус, зөгийн балтай ус, цагаан гаатай ус бүлээнээр нь уувал ходоодны галын илчийг нэмэгдүүлж, хоолны шингэцийг сайжруулна.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв