Сангийн яам 2023 оны төсвийн төслийг боловсруулж дуусчээ. Маргааш буюу /2022.09.28/ Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар УИХ-д өргөн барих юм. Урьдчилсан байдлаар орлого 19.6 их наяд, зарлага 20.3 их наяд төгрөгөөр тооцож, нийт 1.7 их наяд төгрөг /ДНБ-ий 3.3%/-ийн алдагдалтай төсөв өргөн барихаар төлөвлөжээ.

Үүнээс өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгохгүй байснаар 392.3 тэрбум төгрөгийн орон зай төсөвт үүснэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр танилцуулав.

Тэрбээр сэтгүүлчдэд ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дээр 1.4 их наяд төгрөгийг тусгасан. Судалгаанаас үзэхэд хүүхдүүдэд олгож буй мөнгөний 67 хувийг бэлнээр авч ашиглаж буй бол 33 хувийг нь хадгаламжид байршуулдаг.

Иргэд 100,000 төгрөгт дассан байгаа тул хэмжээг өөрчлөхгүй. Харин өндөр орлоготой өрхийн хүүхдүүдэд олгохгүй буюу хүүхдийн мөнгийг тодорхой бүлэгт өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ айл өрхийн орлогоор хэрхэн ангилах вэ гэдгийг сайтар тооцоолно. Мэдээллийн бааз хангалттай бий” гэлээ.

Төсвийн төслөөс харвал 2023 онд 891.8 мянган хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгох боломжтой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн