Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-той хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл амжилттай хэрэгжиж Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн шинэ талбайн нээлт өчигдөр боллоо.
Тус нээлтийн ёслолд АХБХ-ны Дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн Сэлэнгэпресс компанийн ерөнхийлөгч М.Болд, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, ХУД-ийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд, “HBS” ХХК захирал А.Баясгалан болон 52 дугаар сургуулийн төгсөгч, гавьяат тамирчин, МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оролцжээ.
Мөн энэ үеэр Монголын хөлбөмбөгийн төлөө зүтгэж буйг нь үнэлж МХБХ-ны Гавьяаны одонгоор “СП Фалконс” клубийн туслах дасгалжуулагч болон Дээд лигийн Эрчим клубийн хаалгачаар тоглож 11 удаа лигийн аварга болж байсан Г.Дэлгэрдалай шагнагдлаа.
Тус талбайг ашиглах гурвалсан гэрээг МХБХ, 52 дугаар сургууль, СП Фалконс клубүүдийн хооронд гэрээг байгуулсан юм. МХБХ-ноос шинэ талбайд зориулан хөлбөмбөгийн бэлтгэлийн хэрэгсэл, бөмбөг зэргийг СП Фалконс клуб болон 52 дугаар сургуулийн хамт олонд гардуулжээ.
Талбайг нээж 52 дугаар сургууль болон СП Фалконс клубүүдийн өсвөрийн багуудын хоорондох тоглолтоор шүгэл дугарч тус талбайн анхны тоглолт болов.
Ийнхүү Монголын хүүхэд залуучуудын биеийн тамирын сургалт, секц болоод чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нэгэн талбай нийслэлийн ХУД-ийн хоёр дахь талбайн нээлт болж байгаа гэдгээрээ онцлог байлаа. МХБХ энэ жишгээр одоогийн байдлаар 6 талбайг ашиглалтад оруулаад байгаа аж.