Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан аж үйлдвэр, боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, барилга, тээвэр зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг Төрийн дээд цолоор шагналаа. Шагналыг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор Монгол Улсын аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрийн салбарын бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, удирдан зохион байгуулж, тус салбарыг улс орныхоо тулгуур багана болтол нь хөгжүүлэн эх орныхоо нийгэм, эдийн засгийн чадамжийг бэхжүүлэх үйлсэд хагас зуун жилийн хөдөлмөрөө зориулсан их амжилт бүтээлийг нь үнэлж, Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Паавангийн Дамдинг,
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Орхон аймаг дахь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ахмад ажилтан Чойжамцын Баттуяа, Дархан-Уул аймаг дахь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр, автоматикийн цехийн дарга Ванчигийн Даваажав, Орос Монголын хамтарсан “Мэргэ ван” ХХК-ийн инженер Раднаагийн Хайдав, “Номин констракшн девелопмент групп” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Уламбаяр нарыг,
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор БОНХЯ-ны ахмад ажилтан Ишжамцын Батцэцэгийг,
Монгол Улсын гавьяат багш цолоор Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-ийн ахмад багш Жамъянгийн Ренчиндорж, Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн, ахмад багш Шагдарын Шагдаржав нарыг,
Монгол Улсын гавьяат барилгачин цолоор ТЭСО ХХК-ийн зөвлөх инженер Одонгийн Сайнжаргал, “Говь гурван сайхан” ХХК-ийн зөвлөх инженер Банзрагчийн Цэдэнсамба нарыг,
Монгол Улсын гавьяат мал зүйч цолоор Дорнод аймгийн “Сан бэйс” ХХК-ийн захирал Самдангийн Итгэлийг,
Монгол Улсын гавьяат тээвэрчин Завхан аймгийн Улиастай сумын иргэн, ахмад тээвэрчин Чагнаагийн Дашзэвэгийг,
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын дэд дарга Ядамсүрэнгийн Санжмятав, Баянзүрх нийгмийн хөгжлийн сангийн тэргүүн Даваажавын Ганхуяг нарыг,
Монгол Улсын малын гавьяат эмч цолоор Архангай аймгийн Архангайн малчдын холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Чойжингийн Баасанжавыг,
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Баянхонгор аймгийн Тэмүүжин хүүхдийн театрын зургийн багш Чулуунбатын Сосорбарамыг,
Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Аудитын газрын дарга, ерөнхий аудитор Гомбожавын Оюунгэрэлийг,
Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Хүдэрчулууны Батмөнхийг,
Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан цолоор Булган аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн удирдах зөвлөлийн гишүүн Доржийн Чимгээг тус тус шагналаа.