Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Гана, Дрө хот, Рубрук тосгонд “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 20-24-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар хамтран амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсыг гадаадад сурталчлах, цар тахлын дараах үеийн эдийн засгийг сэргээх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохион байгуулсан “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ нь Монгол, Францын парламент хоорондын харилцаа, соёл урлаг, түүх, боловсрол, аялал жуулчлалын салбар зэрэг өргөн хүрээг хамрав.
Энэ хүрээнд Монгол Улс Нэгдсэн Үндэсний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид “Нүүдэлчдийн домог” тоглолтоо ЮНЕСКО-ийн Төв байранд 9 дүгээр сарын 23-ны өдөр толилуулав.
Тоглолтыг Францын Сенатын танхим, Үндэсний Ассамблей, Үндсэн хуулийн цэц, төрийн яамд, орон нутгийн байгууллагын албаны хүмүүс болон Парис хотноо суугаа гадаадын улс орнуудын Элчин сайдын яамд, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчдийн газрын төлөөлөгчид, Европын орнуудад ажиллаж амьдарч буй монгол иргэд зэрэг нийт 1200 гаруй зочин үзэж сонирхов. “Нүүдэлчдийн домог” тоглолтын үеэр гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Монголын сайхан орноор” гэрэл зургийн цахим үзэсгэлэнг зочдод танилцуулав.
Боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Байгаль эх лицей сургууль Францын Мишлей лицей сургуультай, Монгол Улсын Их Сургууль Франц Улсын Сорбон III их сургуультай хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж багш, оюутан солилцох, хамтарсан судалгаа хийх зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэхээр болов.
Соёлын өдрүүдийн хүрээнд Франц дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар монголч эрдэмтэн судлаачид, монгол судлалаар суралцаж буй оюутнуудын дунд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Алдуул модны эрэлд” баримтат киног ирсэн зочдод толилуулсны зэрэгцээ залуу уран бүтээлч Б.Одончимэгийн “Тал нутгийн амьдрал” үзэсгэлэнг гаргав.
“Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ нь Монгол ахуй, байгаль, соёл урлаг, түүхийг Франц иргэдэд таниулах, хоёр талын боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны суурийг тавихад өндөр ач холбогдол үзүүлэв.