ОХУ-тай хил залгаа Алтанбулаг боомтоор сүүлийн гурван өдөр Оросын 2745 иргэн орж ирсэн гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Есдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарласнаас хойш манай улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдээд байгаа билээ. Тухайлбал, есдүгээр сарын 23-26-ны хооронд Алтанбулаг боомтоор оросын 2745 иргэн Монголын хилээр нэвтэрсэн байна.
Задалбал, есдүгээр сарын 23-ны 08 цагаас есдүгээр сарын 24-ны 08 цагийн хооронд 830, 24-25 хооронд 931, 25-26-ны хооронд 984 ОХУ-ын иргэн тус тус орж иржээ. Хилээр нэвтрэх орос иргэдийн тоо буурахгүй байгаа бөгөөд өдөрт нэвтрэх иргэдийн тоо хэвийн үеийнхээс 5-6 дахин нэмэгдсэн байна.
Монгол Улс ОХУ-тай иргэд хооронд 30 хоног харилцсан визгүй зорчих хэлэлцээртэй юм. Энэ хүрээнд ОХУ-аас ирж байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүйгээр хилээр нэвтрүүлж буй аж. Харин өмнө визийн зөрчил гаргаж байсан орос иргэдийг оруулахгүй юм байна.