Өнөөдөр зохион байгуулагдаж байгаа “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт ороод байна.
Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой.
Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансрын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.
Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа буюу Их тойруугийн гудамжаар явах бол урдуураа буюу Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм.
Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 18:00 цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.
Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр Т:2 “5 шар – Ботаник”, Т:4 ” Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлийн троллейбус түр хугацаанд зогсохыг анхааруулж байна.
“Автомашингүй өдөр-2022”-өөр өөрчлөлт орох чиглэлүүд