Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-аас тус газрын албан хаагчдад иргэндээ ээлтэй хотын төрийн албан хаагчийн эзэмшвэл зохих ур чадварын талаар сургалт зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг оролцож, “Дэлхийн хүчирхэг хотуудын индекс”, “Хөгжилд хөтлөх төрийн албан хаагч”, “Төрийн албаны шинэтгэлийн зарим асуудал” дэд сэдвүүдээр лекц уншив.
Түүнчлэн улс орон, бүс нутгийн эдийн засаг, улс төр, соёлын гол төв, бүс нутгийн болон олон улсын харилцаа холбоо, бизнесийн чухал зангилаа болсон дэлхийн метрополисуудын орчин үеийн хөгжлийн чиг хандлага, түүнд нийцсэн төрийн албаны хүний нөөцийн бодлогыг манай улсад хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай холбон тайлбарласан юм.
“Хотын стратегийн хүрээлэн” олон улсын судалгааны байгууллагаас “Дэлхийн хүчирхэг хот”-ын индексийг эдийн засаг, судалгаа хөгжил, соёлын харилцаа, амьдрах чадвар, хүрээлэн буй орчин, хүртээмж зэрэг зургаан шалгуур үзүүлэлтээр тодорхойлдог байна. Энэхүү индексээр дээгүүр байранд жагсаж буй хотуудын жишгээс үзэхэд тухайн хотод ажиллаж буй төрийн албан хаагчид тодорхой ур чадварын шаардлагыг эн тэргүүнд хангах ёстой байдаг ажээ.
Сургалтын төгсгөлд Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, уг хуульд саяхан оруулсан нэмэлт, өөрчлөлт, түүний ач холбогдол, үр дагаврын талаар тодорхой жишээ, баримттайгаар ярьж, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор дэвшүүлсэн төрийн бүтээмжийн сэргэлт, төрийн албан дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ойрын болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.