Ерөнхийлөгч асан Х.Баттулга одон тэмдэг тараахдаа гаршсан нэгэн гэдгээ өнөөдөр дахин баталлаа. 2020 онд тэрбээр хөдөө орон нутгаар явж, баруун солгойгүй одон медаль тараасан. Тэр энэхүү үйлдлээрээ бараг “геннест” амжилт тогтоосон байх магадлалтай. Түүний энэхүү “хобби” ч гэх юм уу, “рефлекс” нь одоо ч байсаар л байна.
“Х.Баттулга МОАХ-ы 3000 гишүүддээ Улсын Баатар цолны батламж гардууллаа” гэх мэдээлэл түүний тухай ийнхүү бодлууд хөврүүлэхэд хүргэв.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2021 оны 6-р сарын 24, 209 тоот тушаалаар Монголын Ардчилсан Холбоог Монгол Улсын Баатар цолоор шагнасан. Монгол оронд ардчилсан хувьсгалын үр үндсийг тавьсан Монголын Ардчилсан Холбоо болон ардчиллынхан шинэ цаг үеийг түүчээлэн нийгмийн шилжилтийн хүнд үеийг даван туулж, ардчиллын үнэ цэн, үр шимийг нь үр хойч, ирээдүй залуу үедээ өвлүүлэхийн төлөө тэмцэж ирсэн гишүүн бүр Ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын алдар гавьяаг хүртэх бүрэн эрхтэй хэмээн үзэж ийнхүү тушаал гаргасан байдаг.
Монгол Улсын баатар цолны дурсгалын батламжийг нийт гишүүддээ гардуулан хадгалуулах ажлыг өнгөрсөн оноос аймаг, сум бүрт шат дараатайгаар зохион байгуулж эхэлсэн юм.
Харин өнөөдөр 2022 оны 9-р сарын 23-ны өдрийн 12:00 цагаас эхлэн“UB Palace”-н Их танхимд Монгол Улсын Баатар-Монголын Ардчилсан Холбоо Нийслэлийн 9 дүүргийн 3000 гаруй гишүүндээ Монгол Улсын баатар цолны дурсгалын батламж, шинэчилсэн дөрөв дэх үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа болж байна..
Батламжийг Монгол Улсын Баатар- Монголын Ардчилсан Холбооны дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х. Баттулга өөрийн биеэр гардуулж, гишүүд, журмын нөхөдтэйгөө дурсгалын зураг татуулж, баяр хүргэжээ.