Япон улс вакцинд хамрагдсан гадны жуулчдад үүдээ нээж, хилээрээ чөлөөтэй нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. 10 дугаар сарын 11-нээс эхлэн жуулчид заавал аяллын компаниар дамжихгүйгээр хувиараа тус улсад аялах боломжтой болох аж. Түүнчлэн өдөрт хүлээн авах жуулчдын тоонд тавьсан хязгаарлалтаа цуцлахаар болжээ. Гэхдээ жуулчид гурван тун вакцинд хамрагдсан бичиг болон ковидын сөрөг гарсан шинжилгээний хариугаа заавал үзүүлэх шаардлагатай.
Япон иенийн ам.доллартай харьцах ханш энэ сарын эхээр сүүлийн 24 жилд байгаагүй доод цэгтээ хүрсэн. Тус улс ковидын тархалтыг бууруулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд хилээ хаалттай байлгаж, зургаадугаар сараас хойш тодорхой хязгаарлалттайгаар гадны жуулчдыг хүлээн авч эхэлсэн юм. Харин үүнийг бүрмөсөн цуцалснаар Японыг зорих жуулчдын урсгал нэмэгдэж, тус улсын эдийн засгийг сэргээхэд чухал нөлөө үзүүлэх юм.
Үүнээс гадна дотоодын аялал жуулчлалаа нэмэгдүүлэхийн тулд иргэддээ 11000 иен буюу 77 ам.долларын аяллын тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.
Япон улс цар тахал дэгдэхийн өмнөх жил буюу 2019 онд гадаадын 32 сая жуулчныг хүлээн авч байжээ.