Жүжигчин Жонни Депп өмгөөлөгч Жоэль Ричтэйгээ уулздаг болсон нь пүрэв гарагт тодорхой болжээ. Энэ бүсгүй 2020 онд Лондон хотын шүүхэд жүжигчнийг төлөөлж ажиллаж байсан юм. Тухайн үед Депп Британийн The Sun сониныг шүүхэд өгсөн аж. Тус сонинд Жонниг эхнэр Эмбер Хердээ зоддог гэсэн нийтлэл гарснаас болоод ийм хэрэг манджээ.
Алдарт жүжигчин энэ шүүхэд хэвлэлийн газрыг ялж чадаагүй юм. Гэхдээ үүнээс болоод тэрбээр өмгөөлөгчтэйгөө харилцаагаа таслаагүй төдийгүй тэдний харилцаа шинэ түвшинд гарсныг Америкийн US Weekly мэдээлэв.
Депп, Рич нар бие биедээ маш халамжтай гэнэ. Тэд хэдэн сарын турш уулзаж байгаа бөгөөд нууцаар болзохын тулд зочид буудалд тусгай өрөө авдаг гэнэ. Жоэль өнгөрсөн 4-5 сард Деппийг экс эхнэр Эмбер Хердтэйгээ АНУ-д шүүхдэлцэж байхад шүүх хуралдаанд хэд хэдэн удаа ирсэн удаатай. Рич тухайн үед Деппийн өмгөөлөгчөөр ажиллаагүй, өөр нэг өмгөөлөгч болох Камилла Васкес ажиллаж байсан юм.
Хавар түүнийг ийнхүү шүүх танхимд сууж байхад хэн ч анзаараагүй, зөвхөн хэргийн асуудалд төвлөрч, тэр ч байтугай жүжигчнийг өмгөөлөгч Камиллатайгаа холбоотой байж болзошгүй гэж хүртэл мэдээлж байлаа. Үүнээс болоод Камилла Васкес мэдэгдэл хүртэл гаргаж, цуу яриаг үгүйсгэж байсан билээ.
Жүжигчин Жонни Депп эхнэрээсээ салснаасаа хойш анх удаа холбогдож байгаа бүсгүй нь өмгөөлөгч Рич юм. Жоэль Ричийн хувьд гэрлэсэн ч нөхөртэйгөө хамт амьдардаггүй гэнэ. Тэд 2 хүүхэдтэй ч салах өргөдлөө өгчээ.
Эх сурвалж: Fakty.ua
Орчуулагч: Марта