Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл, хууль эрх зүйг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийн мөрдөн шалгах ажиллагаанд идэвх санаачилга гарган ажиллаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дохионы орчуулагч Б.Саранчимэгийг “Сонсголын бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан “Цагдаагийн төлөө” тэмдгээр шагналаа.
Шагналыг өнөөдөр /2022.09.23/ Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир гардуулав.
Дохионы орчуулагч Б.Саранчимэг нь 2017 оноос хойш цагдаагийн байгууллагад дохионы хэлмэрчийн ажлыг гүйцэтгэж, цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг түгээх, хууль эрх зүйг сурталчлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа юм.
“Мөн алба хаагчдад цахимаар болон танхимаар дохионы хэлмэрч, дохионы хэлний чиглэлээр сургалт зохион байгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжлийн бэрхшээлтэй оролцогч нарт туслалцаа үзүүлэх ажлыг цаг алдалгүй, шуурхай хийж байна” гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.