Энэ сарын 25-нд “Автомашингүй өдөр” болно. “Автомашингүй өдөр” буюу нөгөөдөр 13:00 цагт Д.Сүхбаатарын талбайд таеквондогийн олон улсын хэмжээний мастер Б.Отгонбаярын гарын алга болон өврийг солбиж суниах төрлөөр Гиннесийн дээд амжилтыг шинэчлэх оролдлого хийнэ.
Тэрбээр Гиннесийн амжилтыг шинэчлэхээр өмнө нь гурван удаа хүч сорьж байжээ. Гарын алга болон өврийг солбиж суниах төрлийн дэлхийн дээд амжилт өдгөө нэг минутад 70 байгаа юм. Б.Отгонбаяр энэ амжилтыг 80 болгон шинэчлэхээр зорьжээ.
Тус үйл явдлыг Гиннесийн албан ёсны онлайн шүүгч дэнслэх бол Монгол Улсаас гавьяат тамирчин Г.Угалзцэцэг, МҮИС-ийн фитнессийн багш, дасгалжуулагч С.Даваагив, Монголын хөнгөн атлетикийн холбооны дасгалжуулагч багш Х.Гэрэлцогт, А.Гантулга нар хөндлөнгийн шүүгчээр оролцох юм байна.