ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины цэргийн дайчилгаа явуулах өчигдрийн /2022.09.21/ мэдэгдэлтэй холбоотойгоор цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэж байгаа мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарчээ. Үүнтэй холбоотойгоор хил залгаа Монгол Улс руу нэвтрэх орос иргэдийн тоо нэмэгдэж, Алтанбулагийн хил дээр урт дараалал үүсгэж байгаа мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад байна. Иймд холбогдох байгууллагуудаас тодрууллаа.
Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас тодруулахад “Одоогоор Алтанбулагийн боомтын ачаалал нэмэгдсэн зүйл алга. Сүүлийн хоёр хоног 260 гаруй хүн орж ирж, 500-600 гарч байгаа учир тийм их бөөгнөрөл үүсээгүй. Өнөөдрийн нэвтэрсэн иргэдийн тоо маргааш нэгтгэгдэнэ” гэлээ.
Мөн цахим орчинд ОХУ-аас орж ирэх Алтанбулагийн боомт дээр гадаадын иргэд олноор орж ирж байгаа, мөн “Буриадаас 19-24 насны 1000 залуу Монгол Улсын хил дээр ирсэн” гэх мэдээллийг тус байгууллагаас үгүйсгэв.