Фэйсбүүкээр танилцсан 26 настай залууг 16 настай охин бусадтай бүлэглэн шатаах оролдлого хийж, амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан тухай мэдээлэл олон нийтийг цочроогоод байна.

Охин залууг нийтийн байранд дуудан уулзаж, 15 настай эрэгтэй Э, 21 настай эрэгтэй Т, 25 настай эрэгтэй Э, 17 настай эмэгтэй У нар хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд зодож, шатаах оролдлого хийж, хэргийн газраас зугтсан талаар цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилжээ.

Дээрх хэргийн талаар хохирогчийн эгч Д.Майхажид News.mn сайтад тодруулага өгсөн байна.

Тэрбээр хэлэхдээ “Манай дүүг хөдөөнөөс ажлаас нь ирж байна гэхэд тухайн 16 настай охин уулзъя гэсэн байгаа юм. Охин нийтийн байранд байдаг юм байна. Нийтийн байранд нь очоод байж байтал тухайн охины найз гэх охин найз залуугийн хамт байсан гэсэн. Хамт суугаад байж байтал нөгөөх залуу дээрэлхэх шинжтэй байж байгаад хоорондоо маргалдаад цагаа өг, картынхаа номерыг өг гэж биед нь халдаж, зодсон байна.

Гаднаас хоёр залуу орж ирээд, нэг нь утсаар яриад картын номер нь буруу байна гээд АТМ-д уншуулаад зодоод байсан гэж байгаа юм. Дараа нь картын дугаараа буруу хэлсэн байна гээд манай дүү рүү будаг шингэлэгч цацаад шүдэнз шидчихсэн гэнэ лээ” гэжээ.

Гэмт этгээдүүдийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, энэ сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна.

Шүүхээс шийдвэр гарч Т-г 30 хоног, Э, Э нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорьсон. Харин Р болон У нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн