Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг өчигдөр болон өнөөдөр хаалттайгаар хянан хэлэлцлээ.
Тодруулбал, түүнд холбогдох хэрэгт Тагнуулын Ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ч.Мөнхбаярыг “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд хуралдаж Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Төрийн болон албаны нууцтай холбоотой” үндэслэлээр хаалттай явуулсан юм.