Шинэ хичээлийн жил эхлээд 20 гаруй хоног өнгөрлөө. Хүүхдүүд хичээлдээ шамдан завгүй долоо хоногууд үргэлжилсээр. Хэдий хичээлийн жил эхлээд хагас сар гаруй болсон ч зарим хүүхэд сурах бичиггүй, хуучин ном худалдаж авах уу, шинэ номоо хүлээх үү гэсэн эргэлзээтэй сууна. Тиймээс бид үлдсэн сурах бичгүүдээ хэзээ бүрэн нийлүүлэх эсэхийг холбогдох хүмүүсээс нь тодруулж сурвалжиллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг. 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад бага ангийн 29 нэрийн нэг сая гаруй сурах бичиг, нэгдүгээр ангийн казах хэлний, таван нэрийн 12500 ширхэг тусгай хэрэгцээт боловсролын 2500 ширхэг, дунд, ахлах ангийн 102 нэрийн сая гаруй сурах бичгийг хэвлэн нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт есдүгээр сарын 5-ны хооронд бүрэн хүрсэн хэмээн албаны хүмүүс хэллээ. Харин VI-IX ангийн сурах бичгүүд есдүгээр сарын 15-ны дотор ЕБС-д хүргэгдэх гэрээтэй байсан ч хэвлэлтээс үүдэж хугацаанаасаа хоцорчээ.
Түүхий эдийн татан авалттай холбоотойгоор сурах бичгийн хэвлэлт тасарсан
Энэ талаар БЕГ-ын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн дарга Д.Даваасүрэн “2020 онд БШУЯ-наас зарласан тендерийн дагуу долоон хэвлэлийн компани шалгарч ерөнхий гэрээ байгуулсан. Үүнээс зургаан компани цахим худалдан авах ажиллагаагаар авсан эрхийнхээ дагуу хэвлээд гэрээний дагуу сурах бичгүүд ЕБС-ийн сургуулиудад хүргэсэн. VI-XII ангийн 102 нэр төрлийн сая орчим сурах бичгийг нэмэлтээр хэвлэн нийтлүүлж байгаа. Энэ бол сургуулийн номын сангаар дамжуулаад ЕБС-ийн сурагчдад багцаар нь түрээслүүлэх зориулалттай сурах бичиг юм. Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоолыг гаргасан. Үүний дагуу VI-XII ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12400-21 мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэж байна. Үүнээс 60 нэр төрлийн сурах бичгийг “Адмонпринт” компани хэвлэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Гэвч түүхий эдийн татан авалттай холбоотой гэрээний хугацаанаас бага зэрэг хоцорсон.
Одоогоор 60 нэр төрлийн сурах бичгээс гурван ангийн 31 нэр төрлийн сурах бичиг хүргэгдээгүй байна” гэлээ. Тодруулбал, “Адмонпринт” хэвлэлтийн компаниас VIII ангийн 11 нэр төрөл, (монгол хэл, уран зохиол, үндэсний бичиг, математик, биологи, хими, газар зүй, түүх, дизайн технологи, иргэний ёс зүйн боловсрол, эрүүл мэнд) зургадугаар ангид хоёр төрөл (дүрслэх урлаг, технологи), есдүгээр ангид 12 нэр төрлийн сурах бичиг, аравдугаар ангид долоон нэр төрлийн сурах бичиг, арваннэгдүгээр ангид долоон нэр төрлийн, арванхоёрдугаар ангийн долоон нэр төрлийн сурах бичиг хүргэгдээгүй байгаа аж.
Үргэлжлэлийг “Зууны мэдээ” сонины цахим хуудас ZMS.MN сайтаас хүлээн аван уншина уу?
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин