Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран хэрэгжүүлж байгаа “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөр зарлагдлаа.
Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэл авах юм. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцана.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрт нийт 90 сурагчийг хамруулах бөгөөд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 76 сурагчийг сонгон шалгаруулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулах юм байна.
Хөтөлбөрт оролцохыг хүссэн сурагчид 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цахимаар бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг “Өсвөрийн Парламент Хөтөлбөр” фейсбүүк хуудсаас авах боломжтой.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг хөтөлбөр нь Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх, өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй, нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.