Монгол Улсын иргэдийн цахим боловсролын түвшнийг дээшлүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол улсын ерөнхийлөгчийн 2022.08.17-ны 175 тоот зарлигаар Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал Жорж Ченийг “Найрамдал одон” медалиар шагнасан. Шагналыг ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр гардуулан өгчээ.
Мета компани 2019 оноос эхлэн Монгол Улсад цахим боловсролын түвшнийг дээшлүүлэх чиглэлээр Digital Literacy Library, We Think Digital төслүүдийг хэрэгжүүлж, олон улсын мэргэжилтнүүдийн боловсруулсан хичээлийг Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Faro Foundation Mongolia ТББ болон бусад хамтрагч байгууллагуудын тусламжтайгаар 1000 гаруй багш, 10000 гаруй иргэнд үнэ төлбөргүй заагаад байгаа юм.
Ковид-19 цар тахлын үеэр Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг тасалдуулахгүй байх зорилгоор Blood Donation цэсийг Монгол Улсад нэвтрүүлж, цусны хандивыг нэмэгдүүлэхэд уриалж, цусны төвүүдийн талаар мэдээллээр хангасан байна.
Мөн энэ онд хэрэглэгчдийн мэдэх эрхийг баталгаатай мэдээллээр хангах зорилгоор Монголын баримт шалгах төв (Mongolian Fact Checking Center) албан ёсоор Мета компанийн хөндлөнгийн баримт шалгагчаар ажиллахаар болсон. Ингэснээр Мета компанийн хэрэглэгчдэд хуурамч мэдээлэл түгэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.
Эдгээр төслүүдийн Монгол Улсад оруулж буй хувь нэмрийг үнэлэн Мета компанийн төлөөлөгч Жорж Ченийг ийнхүү шагнажээ.