Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-ийн урд талбайд ногоон байгууламж сүйтгэсэн асуудлаар холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:
–Энд барилгын хог авчраад хаячихсан байна. МХЕГ-ын С.Даваасүрэн дарга аа, шүүх нэг газарт хоёр өөр шийдвэр гаргасан байна. Барилгын хог авчраад хаячихсан. Иргэдийн тэмцээд байгаа нь зөв шүү дээ. Та нар ажлаа хийдэг бол иргэд ингэж өөрсдийнхөө ажлыг хаяад явахгүй шдээ. Барилга мундсан биш. Ногоон байгууламжаа яах юм?
МХЕГ-ын дэд дарга С.Даваасүрэн:
–Газрын асуудлыг Нийслэлийн засаг дарга цуцалсан байсныг шүүхээр сэргээсэн байсан. Мод тайрах зөвшөөрөл авсан гэх боловч Захирагчийн ажлын албанаас тодруулахад зөвшөөрөл аваагүй байсан. Зөрчлийн тухай хуульд ойн сан бүхий модны асуудлыг зохицуулсан боловч нийслэлийн модны талаар хуульд тусгагдаагүй. Бид ЗАА-д нөхөн төлбөр тооцох хүсэлт өгсөн. БЗД-ийн цагдаагийн I хэлтэст бид хүсэлт гаргаж ямар машин энд шороо асгасныг тодруулж хамтарч ажиллана.” гэлээ.
Б.Бат-Эрдэнэ:
–Анхнаасаа зөвшөөрлөө авах ёстой. Гэтэл бүх юм араасаа яваад байна. Хууль зөрчөөд байж болдог. Хууль зөрчсөний дараа нөхөөд хийж болдог гэж хүч түрэмгийлэх байдлаар яваад байна. Нэг шүүгч нь хүчингүй болгочихдог, нөгөө шүүгч нь буцаагаад сэргээчихдэг. Ногоон байгууламжийг нь сүйтгээд байна. Иргэдийн тэмцэж байгаа нь зөв шүү. Араас нь ирж ажилладаг байдлыг халмаар байна. Хууль зөрччихөөд хуулийн дагуу ажиллана гэж компани нь мэдэгдэж байна. БОАЖЯ-нд газрыг цуцлах эрх алга. Хууль зөрчсөн байна уу гэвэл зөрчсөн байна.
С.Даваасүрэн:
–Барилгын ажлын зөвшөөрөл байхгүй. Газар нь өөрөө энэ ААН-ийнх. Өөрийн эзэмшлийн газар шороо асгасныг зөрчил гэж үзэх эрх зүйн орчин байхгүй. Ногоон байгууламжийг устгасан гэх асуудал үүсэж байна.
Б.Бат-Эрдэнэ:
–Засгийн газрын хуралд бид оруулъя. Энд цэцэрлэгт хүрээлэн байгуулагдчихвал хэрэгтэй байна. Оршин суугч: Д.Сумъяабазар дарга энэ газар ирж ажилласан. Өөрөө энд барилга барихгүй, өргөжүүлж ногоон байгууламж болго гэж мэдэгдсэн. 13.30 цагт тэр компанийнхныг яаман дээр дуудчих. ААН-ийн саналыг сонсох ёстой. Нөгөө талдаа ААН хууль зөрчиж болохгүй. Хуулийн зөрчлүүдийг гаргаж ирэх ёстой. ЭЦА дахиж энд шороо асгуулахгүй байх дээр ажилла. Нийслэлийн Засаг дарга өөрөө энд ногоон байгууламж байгуулна гэж мэдэгдсэн юм байна. Энэ хавьд дахиад байшин барихаар түгжрэл дахиад л нэмэгдэнэ. БОАЖЯ-нд зөвшөөрлийг цуцлах эрх байхгүй.