ХЭҮК, ЦЕГ болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага хамтран зохион байгуулж буй “Жагсаал, цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт цагдаагийн удирдах албан тушаалтны сургалт 2022.09.14-нөөс 16-ны хооронд үргэлжилж өндөрлөлөө.
Тус сургалтыг жагсаал, цуглааны үеэрх хүний эрхэд нийцсэн цагдаагийн үйл ажиллагаа, зарчим, эрсдэлийн үнэлгээ, тактикийн ажиллагаа, жагсаал цуглааны үеэр биеийн хүч хэрэглэхээс зайлсхийх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Сургалтын хаалтын ажиллагаанд ХЭҮК-ийн гишүүн, (Ph.D) Б.Энхболд, ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан болон бусад албаныхан оролцож сургалтад хамрагдсан ажилтан, алба хаагчдад батламж гардуулсан юм.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн, /PhD/ Б.Энхболд “Төр хүний эрхийг хангаж хамгаалах үүргээ хэрхэн биелүүлж байгааг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаагаар хэмждэг.
Энэ ч утгаараа жагсаал, цуглааны үед та бүхний үйл ажиллагааг төрийн бодлого, шийдвэр гэж ард иргэд үнэлнэ.
Тиймээс иргэдийн тайван жагсаал, цуглаан хийх эрхийг хязгаарлах бус харин эрхээ эдлэхэд туслаж дэмжих үүрэгтэйг цаг ямагт санаж ажиллах ёстой.
Олон улсын шинжээчдийн зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хүний эрхэд суурилахад идэвх санаачлага гаргаж биднийг урьсанд талархаж буйгаа илэрхийлсэн” гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад, энэ чиглэлд сургагч багш бэлтгэх хоёр дахь шатны сургалт 2022 оны 09 дүгээр сарын 19-23-ны хооронд ЦЕГ-т болно.