“Монголын алт” /МАК/ ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд олон улсын стандартад нийцсэн 960 хүүхдийн эко сургуулийг барьж, ашиглалтад орууллаа.
Тус сургуульд нийт 11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулжээ. Шинэ сургууль нь 30 гаруй танхим, лаборатори, номын сан, спорт, урлаг заал, хооллох танхим, эмч, сэтгэл зүйчийн өрөө, хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан цахилгаан шат, биеийн тамирын талбай болон гадна орчны тохижилт зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт болсон байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны тогтоолоор Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийг төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, БНМАУ-ын Ардын их хурлын депутат асан Т.Бямбаагийн нэрэмжит болгосон. “Монголын алт” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайширын гэр бүл аавынхаа нэрэмжит тус сургуулийн барилгыг шинээр барих санаачилгыг гаргаж, ийнхүү Ерөө сумын хүүхэд багачуудад шинэ сургуулийг хүлээлгэн өглөө.
Тус компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Ерөө сумын сургуулиас гадна Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёл, спортын төв, Дорноговь аймгийн Даланжаргал суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьсан байна гэж БШУЯ-наас мэдээллээ.