Энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн “Хүүхдээ үрчлүүлнэ” гэх зар мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид тухайн зар мэдээллийг нийтэлсэн эмэгтэйг олж тогтоон, хүүхдийн хамт цагдаагийн байгууллагад хүргэн, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Хорооны хамтарсан багт мэдээлэл хүргэн, хүүхдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын харъяа хамгаалах байранд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.
Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагаас холбогдсон даруйд нийтэлсэн зар мэдээллээ өөрөө устгажээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид холбогдох төрийн байгууллага, хамтарсан багтай хамтран ямар шалтгаанаар тухайн зарыг нийтэлсэнг тогтоох, хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Мөн шалтгаан нөхцөл эцэслэн тогтоогдоогүй байгаа тул энэ талаар мэдээлэл бэлтгэн нийтэлсэн зарим хэвлэл, мэдээллийн байгууллагууд болон иргэдийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс /иргэний пост/ мэдээллээ устгаж өгөхийг хүслээ.