Өсвөр үеийн кросс гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд боллоо. Тус тэмцээнд Төв аймгийн багш дасгалжуулагч Д. Очирдарь, О. Болор нарын удирдлага дор 20 өсвөрийн тамирчин оролцон алтан медаль 4, мөнгөн медаль 4, хүрэл медаль 3 тус тус хүртэж, багийн нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлжээ.
Уг тэмцээн нь өсвөр насны хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэн, биеийн тамир спортын төрлийг хөгжүүлж, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Энэ удаагийн тэмцээнд Төв, Булган, Ховд, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдийн 14 багийн 190 гаруй тамирчин 8-9, 10-11, 12-13, 14-15, 16-17 насны ангилалд 1000, 1200, 1500, 3000, 5000 метрийн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тус тэмцээн нь Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор ахмад багш, “Алтан гадас” одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамирын тэргүүний ажилтан Н.Аюу агсны нэрэмжит болгон зохион байгуулдаг юм.
Н.Аюу багш Алтанбулаг сумын ЕБС-д олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан эрхэм билээ.