НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган чуулах гэж байна. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд энэ удаагийн чуулган цар тахлаас хойш анх удаа нүүр тулсан хэлбэрээр болох гэж байгаа онцлогтой.
Энэ үеэр дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татдаг үйл явдлын нэг нь, улс орнуудын төр засгийн тэргүүнүүд оролцдог Ерөнхий санал шүүмжлэлийн долоо хоног байдаг. Есдүгээр сарын 20-ноос 26-ны өдрүүдэд болох энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсын шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох юм байна.
Тодруулбал, НҮБ-ын зөвлөлдөх гол байгууллага Ерөнхий Ассамблейн чуулган жил бүрийн 9 сараас 12 дугаар сарыг дуустал хуралддаг. Энэ удаагийн чуулганы тухайд, ковид цар тахал, Украины дайн, мөн хүн төрөлхтний өмнө тулгарч байгаагүй шинэ тутам хүмүүнлэгийн сорилтууд зэрэг олон хямралыг хэрхэн үр дүнтэй даван туулах арга замуудын талаар дэлхийн удирдагчид, иргэний нийгмийн идэвхтнүүд, хувийн хэвшлийнхэн, залуу үеийн төлөөлөл энд хэлэлцэх юм.
Өнгөрсөн даваа гарагт НҮБ-ын төв байранд өмнөх 76 дугаар чуулганыг даргалсан Малдив улсын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид өөрийнх нь халааг авч байгаа Унгар улсын дипломатч Чаба Кёрёши-д албан тушаалаа шилжүүлэн өгөх ёслол болсон. Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Кёрёши тангараг өргөснийхөө дараа анх удаа сэтгүүлчидтэй уулзахдаа, Украинд гал зогсоохыг уриалсан байна. Тэрбээр мөн НҮБ болон Ерөнхий Ассамблейн өөрчлөлт шинэчлэлийг үргэлжлүүлэхийн төлөө байр суурь баримтлахын зэрэгцээ Ерөнхий Ассамблейн үйл ажиллагааг илүүтэй үр дүнд чиглэсэн арга барилаар удирдах болно гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр НҮБ-ын гишүүн орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхэд гол анхаарч ажиллана гэж мэдэгджээ.
Харин Нью-Йоркт Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган эхэлж байгаа энэ үед тус чуулганд оролцох ОХУ-ын төлөөлөгчдөд АНУ-ын зүгээс виз олгогдохгүй байгаа асуудлыг Оросын эрх баригчдын зүгээс хөндөж тавьж байна. Энэ тухайд хамгийн сүүлд, НҮБ-д суугаа Оросын суурин төлөөлөгчийн газрын эрх зүйн хэлтсийн дарга Сергей Леонидченко, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс АНУ олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргээ зориуд санаатайгаар биелүүлэхгүй байгаа асуудлыг арбитрын журмаар шийдвэрлэх үйл явцыг эхлүүлэх шаардлагатай гэж мэдэгджээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн өмнө нь, АНУ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхий Ассамблейн чуулганд бүх улсын төлөөлөл оролцох нөхцөлийг хангах үүрэгтэй гэдгийг мэдэгдсэн байна.
Оросын төлөөлөгчдийг тэргүүлэх Сергей Лавров АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон Оросын улстөрчдийн тоонд багтсан юм байна. Үүнээс гадна төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа 56 хүний нэг нь виз авч чадаагүй байгаа тухайд НҮБ-д суугаа Оросын суурин төлөөлөгч Небензя өмнө нь Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешд гомдол гаргаж байсан юм.