Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний чуулганаар хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай асуудлыг судалгааны дүнг үндэслэн, оролцогчид хөндөж байв.
Тухайлбал, 11 аймаг, нийслэлийн таван дүүргийн сургуульд суурилан явуулсан судалгаагаар хүүхдүүдийн 30.5 хувьд тулгамдсан асуудал байна гэж СЭМҮТ-өөс судалгааны дүнг танилцуулсан. Харин БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгааны дүнгээс харвал
- Сурагчдын 67.8 хувь нь ганцаардаж, амьд харилцаа дутагдсан
- 6-13 насны сурагчдад стресс бухимдал хэвийн үзүүлэлтээс өндөр
- Гурван сурагч тутмын нэг нь гэр бүлийн харилцаанд асуудалтай
- Эцэг эх хүүхдийнхээ сэтгэл зүйн байдлын талаар хангалттай ойлголтгүй байна зэрэг үр дүн гарчээ.
БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Б.Дуламсүрэн “Эцэг, эхийг чадавхжуулах, гэр бүлд чиглэсэн нөлөөллийн ажил хийх нь анхаарах ёстой асуудлын нэгдүгээрт байна. Мөн хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйл нь боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 108 утсанд ирсэн дуудлагыг ангилж үзвэл хамгийн их нь гэр бүлийн орчинтой холбоотой. Удаах нь боловсролын салбартай холбоотой” гэв.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл,
- тав хүртэлх насны хүүхдүүдийн 12.5 хувь нь насанд хүрэгчдийн хараа хяналтгүй гэртээ байдаг
- 0-17 насны 18.7 мянган хүүхэд эцэг, эхтэйгээ хамт амьдардаггүй байна.
Шинжээч Б.Дуламсүрэн “Эцэг, эхийн боловсролыг дэмжих, хамтарч ажиллах нь чухал. Эцэг, эхчүүдэд боловсролын салбараар, хүүхдийнх нь ангийн багшаар дамжуулж ойлголт мэдлэг өгөх, хүүхэдтэйгээ харилцах, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар гарын авлага боловсруулсан. Хүүхдийг хамгаалъя, сэтгэцийн эрүүл мэндийг нь хамгаалъя гэвэл хувь хүний ур чадварыг дээшлүүлэх нь чухал. Хамгаалахын хамт хөгжүүлэх тухай асуудал явах учиртай” хэмээв.