“Сүүлийн дөч гаруй жил манай дүрслэх урлагийн ертөнцөд болоогүй онцгой үйл явдал бол “Монгол хээний нууц: БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д. Манибадар, Ардын зураач А.Сэнгэцохио” тусгай үзэсгэлэн юм” хэмээн куратор, урлаг судлаач Н.Оргилболд онцолсон байдаг.
Тэгвэл уг үзэсгэлэнгийн нээлт есдүгээр сарын 16-ны 14:00 цагт Монголын Уран зургийн галерейд болох гэж буйг Танд дуулгая. Нийт арав хоног үзэгчдийн хүртээл болох үзэсгэлэн таныг монгол хээний нууцын чанадад аялуулах болно.
Нүүдэлчдийн дүрслэх урлагийн язгуур бол хээ угалз юм. Хээ угалз нь мянганы тэртээгээс хөгжиж, шигшигдэн шилэгдэж ирсэн бидний сонгодог урлаг. Тиймээс тус үзэсгэлэнгийн хамгийн чухал холбогдол бол өнөөгийн үзэгчдэд язгуур угшил руугаа өнгийж танин мэдэх, өвөг дээдсийнхээ сонгодог урлагтай танилцах, үндэстний ялгарал, амин чанараа олоход тусална хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Тусгай үзэсгэлэнд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалж буй хээ угалз бүхий нийт 107 бүтээлийг үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ. Үүнд БНМАУ-ын Төрийн шагналт зураач Д.Манибадарын бүтээсэн 55, Ардын зураач А.Сэнгэцохиогийн бүтээсэн 52 бүтээл байна.
Өнөөдөр бид Монгол үндэстний амин чанар, ялгарлын (National identity) эрэлд гарсан байна. Бид шинэ бүхнийг эрэн хайж, туршиж байна. Харин бид өөр рүүгээ өнгийж нэг үзсэн билүү?
Орчин цагт Монгол хээ угалз нь “Монгол зураг” хэмээх дүрслэх урлагийн нэгэн гайхамшигт хэв маягтай нягт уялдаатай хөгжсөөр байна. Өдгөөгөөс зуугаад жилийн тэртээ “хуучны хоцрогдсон”, “бурангуй урлаг” хэмээн ад шоо үзэгдэж байх үед Ардын зураач Ү.Ядамсүрэн “Өвгөн хуурч” бүтээлээрээ орчин үеийн “Монгол зураг”-ийг тунхаглаж байв. Харин түүнтэй мөр зэрэгцэн монголын дүрслэх урлагт шинэчлэл хийж байсан уран бүтээлч бол “Марзан” хочит Б.Шаравын шавь Долгорын Маньбадар юм. Тэрээр монголчуудын хээ угалзыг зурж цуглуулсан анхны зураач бөгөөд өдгөө түүний өв бидэнд уламжлагдан үлджээ. Түүнчлэн нийслэлд сүндэрлэсэн алдарт “Маршалын харш” буюу 30-р байр, Их тэнгэрийн “Хан-Уул харш” буюу 50-р байр, УДБЭТ зэрэг европын хэв маягтай барилгуудын монгол чимэглэлүүдийг бүтээж өрнийн урлагийг “өөриймсүүлэхэд” гавьяа байгуулсныг бид тэр бүр мэддэггүй.
“Монгол зураг” хэмээх нэр томьёо тогтож дүрслэх урлагийн “шинэ” хэв маягийг “манцуйлсан” онцгой уран бүтээлч бол Ардын зураач Адъяагийн Сэнгэцохио юм. Монгол зургийн аргыг бүтээлчээр баяжуулж, европын сонгодог зурагтай чадварлаг хослуулдгаараа үнэлэгдсэн түүний “Хар буур”, “Хоёр буур” бүтээл нь олонд танигдсан байдаг. Олонд түгсэн тус хоёр бүтээлээс харахад л уран бүтээлчийн “хээлэг” уран нарийн сэтгэлгээ мэдрэгддэг.
Өнөөдөр бид Монгол үндэстний амин чанар, ялгарлын (National identity) эрэлд гарсан байна. Бид шинэ бүхнийг эрэн хайж, туршиж байна. Харин бид өөр рүүгээ өнгийж нэг үзсэн билүү?
Бидний өвөг дээдсийн язгуур сэтгэлгээний охь ундаргыг өөртөө шингээсэн Монгол хээ угалз нь ирсэн үзэгчдэд өөрөө өөртэйгөө ярилцах боломжийг нээж өгнө гэдэг эргэлзэхгүй байна. Мөн нууц мэт “хав дарагдсан” дүрслэх урлагийн язгуур болсон хээ угалзны нууцын чанадад нэвтрэх боломжийг үзэгчдэд олгож буйгаараа тусгай үзэсгэлэн маань “мөс зүсэж” байна.