Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17:55 цагт Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багт байрлах “Сувиллын газрын ойролцоох голын эрэг дээр тоглож байсан хүүхэд алга болсон” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай, эмэгтэй “А” гэгч хүүхэд голын эрэг дээр тоглож байгаад алга болсоныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Тухайн үед хамт явсан хоёр ах нь охиныг элсэн дээр тоглуулж үлдээгээд голын усанд ороод гарч ирэхэд дүү нь алга болсон байсан бөгөөд голын ус руу орсон эсэхийг хараагүй байна. Харамсалтай нь өнөөдөр өглөө 08:00 цагийн үед тус газраас тав орчим км зайд хүүхдийг усанд хөвж, урсаж байхыг харсан иргэн Онцгой байдлын байгууллагад дуудлага өгч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдүүддээ гол усны аюул, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэл өгөх, хараа хяналт тавих, орчны эрсдлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.