Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад 2022 оны есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ли Жаньшу хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар түүний урилгаар манай оронд албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгын хүрээнд Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналаа хэлсэн юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу Монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшутай Төрийн ордонд уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр санал нэгдэв.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд малчин айлд зочилж, Монгол ахуй соёлтой танилцсаны зэрэгцээ “Монгол номадик” аялал жуулчлалын цогцолборт болсон “Бэсрэг наадам” үзэж сонирхлоо. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу “Монгол түмний уламжлалт соёл эрийн гурван наадам, морин хуур, уртын дууны тоглолтыг үзэж сонирхсондоо маш их баяртай байна. Монгол түмний эрийн гурван наадам нь монгол хүний зориг, ухаан, хүч чадлыг билэгдсэн нь тодхон харагдаж байна” гэдгийг илэрхийлсэн юм.
2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр хоёр орны төрийн тэргүүний өмнө нь харилцан тохиролцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох, хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэсэн юм.