Агаарын бохирдлыг бууруулж, эх дэлхийгээ унаган төрхөөр нь хадгалан авч үлдэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уриаллаа. “Бид хамтын хүчээр агаарын бохирдлыг бууруулж, хүн төрөлхтөн, эх дэлхийгээ эрүүл энх, аюулгүй байлгаж чадна” гэж НҮБ-ын тэргүүн “Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдрийг тохиолдуулан лхагва гарагт дүрс бичлэгээр дамжуулан мэдэгджээ.
А.Гутерреш агаарын бохирдол олон тэрбум хүний үндсэн эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж байгааг анхааруулжээ. Бохир агаар манай гаргийн хүн амын 99 хувьд сөргөөр нөлөөлж байгаагаар зогсохгүй ядуус хамгийн ихээр хохирч байна. Мөн агаарыг бохирдуулагч бодисууд нь дэлхий дулаарлыг даамжруулж, ойн түймэр агаарыг улам бохирдуулж байгааг тэрбээр онцолжээ. Түүний хэлснээр, хүмүүс агаарын бохирдол, хэт халуунд нэрвэгдэх үед нас барах эрсдэл нь 20 хувиар нэмэгдэнэ
“Цэнхэр тэнгэрт цэвэр агаар” олон улсын өдрийг гурав дахь удаагаа тэмдэглэж буй энэ өдөр миний бие агаарын бохирдолтой хамтран тэмцэхийг бүх улс оронд уриалж байна” гэж НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглэжээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, чулуужсан түлшнээс татгалзах үйл явцыг түргэтгэж, хорт утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгслүүдийг хэрэглээндээ аль болох ойрын хугацаанд нэвтрүүлж, хог хаягдлыг шатаахын оронд дахин боловсруулахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
НҮБ-ын гишүүн орнууд 2030 он гэхэд химийн хорт бодис, агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэлтэй нас баралт, өвчлөлийн тоог эрс бууруулах, агаарын чанар, хог хаягдлын менежментэд онцгой анхаарал хандуулах замаар хотуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатайг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Эх сурвалж: Монцамэ агентлаг