Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр тус тус сургуулийн номын сангаар дамжуулан хэрэглүүлдэг.
2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад:
• Бага ангийн 29 нэрийн 1,196,000 ширхэг сурах бичиг
• 1- р ангийн казах хэлний, 5 нэрийн 12500 ширхэг
• Тусгай хэрэгцээт боловсролын 2500 ширхэг
• Дунд, ахлах ангийн 102 нэрийн 1,048,500 ширхэг сурах бичиг, 2,259,500 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт 100 хувь хүргэгдсэн бөгөөд 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70 хувийн явцтай байна.
Харин 6-9 дүгээр ангийн сурах бичгүүд 9 дүгээр сарын 15-ны дотор орон нутагт хүргэх гэрээтэйгээр хэвлэлтийн ажил хийж байгаа аж.
Монгол улсын Засгийн газраас ЕБС-ийн сурагчдын сурах бичгийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сурах бичгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 98 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/302 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээний журам”-ыг баталсан.
Энэхүү журмын дагуу 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-17 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12400-21000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байна.
Иймд асран хамгаалагчдын хувьд гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байх, сургуулийн номын санчдад нөөцөд байгаа болон нөхөн хангалтаар хүргэгдэж буй сурах бичгийг сурагчдадаа шуурхай тараааж хэрэглүүлэх, сурагчдадаа нөхөн хангалтын сурах бичиг сургуульд хүргэгдэх хүртэл түрээсийн сурах бичиг авч амжаагүй бол https://medle.mn/ цахим талбарын “Суралцагч” цэсэнд хандан цахим сурах бичгээ хэрэглэхийг зөвлөж байна.