БНСУ-ын Засгийн газар иргэдийнхээ амьжиргааны өртгийн дарамтыг хөнгөвчлөхийн тулд ирэх 2023 онд 74 их наяд вон буюу 53.4 тэрбум америк доллар зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байна.
Энэ төсвийг бага орлоготой гэр бүл, өндөр настан болон бусад эмзэг бүлгийн иргэдээ дэмжихэд илүүтэй зарцуулах юм байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлэх замаар энэ дэмжлэгийг иргэддээ олгохоор төлөвлөж байна. “Ёнхап” агентлагийн мэдээлж байгаагаар хэрвээ энэ дэмжлэг туслалцааг Засгийн газраас үзүүлсэн тохиолдолд 51 сая хүн амтай Өмнөд Солонгос улсын бараг тал хувь нь буюу 21 сая хүн улсаас тэтгэмж авах төлөвтэй байна.
Тухайлбал, улсын хэмжээнд амьжиргааны түвшин доогуур орлоготой 3.7 сая айл өрхөд 21.2 их наяд вон зарцуулахаар ирэх оны төсөвт оруулж буй юм байна. Энэ онд энэ төсөв нь 18 их наяд вон байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа үйлчилгээнд зориулж 5.8 их наяд воныг зарцуулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Хөх ордон 6 сая залуусыг баталгаатай ажлын байраар хангах, мөн өөрийн эзэмшлийн байр орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс 24 их наяд вон зарцуулахаар ирэх оны төсвийн төсөлд суулгаад байна.
Мөн хүүхдүүд болон ахмад настнуудад зориулж 23 их наяд воны дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 7 хоногт Өмнөд Солонгосын Сангийн яам төсвийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгдсэн.
Ирэх 2023 оны Өмнөд Солонгос улсын жилийн нийт төсвийг 639 их наяд вон байхаар төсвийн төслийн саналыг Сангийн яамнаас нь гаргаад байна. Энэ нь тус улсын Засгийн газар сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, танаж байгаа тохиолдол болж байна.
Харин ирэх оны улсын төсөвт нийгмийн халамж, эрүүл мэнд болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж 227 их наяд төсөвлөсөн нь өмнөх онтой харьцуулахад 4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болж байна.