Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческиг бүрмөсөн нутаг буцахтай нь холбогдуулан 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч уулзав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд М.Клеческиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Стратегийн түншлэлийг бататгахад чухал хувь нэмэр оруулж, идэвх зүтгэлтэй ажилласныг сайшаан тэмдэглэв.
Энэ хүрээнд дээд, өндөр түвшний айлчлалуудыг хэрэгжүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед урьдчилан сэргийлэх, АНУ-аас коронавирусний эсрэг вакцин авахад дэмжлэг үзүүлснийг цохон тэмдэглэв. Мөн энэ жил тохиож буй Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хоёр талаас өндөр ач холбогдол өгч ажиллаж байгааг дурдав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад байх хугацаандаа гаргасан ажлын амжилт, үр дүн, өнгөрүүлсэн цаг, мөчүүдийн таатай дурсамжийн бэлгэ тэмдэг болгон Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г Элчин сайд М.Клеческид гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.