Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанхи Лиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага /ILO/-тай өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, тогтвортой нягт хамтран ажиллаж ирснийг онцлоод бодлого зорилтынхоо талаар танилцуулсан юм. Тэрбээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдэд ур чадвар эзэмшүүлэх замаар ажилтай орлоготой болгох, залуучуудад ажил хөдөлмөрийн талаар эерэг хандлага бий болгох, халамжийг хэрэгцээтэй хүнд нь хүргэх талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын хөдөлмөрийн стандартуудтай холбогдох бодлого, стратегиа нийцүүлэхэд анхаарна гэлээ.
Ноён Чанхи Ли “Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хяналт чухал юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зүйл заалтыг оролцогч талууд хэрхэн ухаалгаар ашиглах тал дээр дэмжлэг үзүүлэх боломжтой” гээд Монгол Улсад зохистой хөдөлмөрийг бий болгоход бүсийн захирлын хувьд хүчин чармайлт гарган дэмжин ажиллана гэлээ.
Эх сурвалж: ХНХЯ