Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж буй.
Энэ хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран энэ сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж байгаа юм.
Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн самрыг хураасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.
“Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээ нь “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Ойн тухай”, “Эрүүгийн хууль”, “Зөрчлийн тухай”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиуд, “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах” журам болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг болох хуш модны самар бэлтгэсэн үйлдлийг таслан зогсоох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ.
Түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй ажээ. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.
Самрыг түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэй. Мөн самар түүх үедээ өндрөөс унаж, бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал тохиолдсон байна. Иймд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.