Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төв нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэ цэнэтэй болгох, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад экспортод чиглэсэн туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр Судалгаа хөгжлийн төвийн ажилтнуудын зүгээс цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарч өгөхийг хүссэн бөгөөд судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, урамшуулалтай болгох боломжийн талаар санал солилцсон.
“Аль ч салбарын хөгжилд эрдэмтэн судлаачдын мэдлэг туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинэ бүтээл, инноваци тэргүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Шинжлэх ухааны ололт, тэргүүн туршлага, олон улс дахь инновацийг Монгол Улсын онцлогт тохируулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, нутагшуулахад эрдэмтэн судлаачдын үүрэг чухал учир цаашид хүнсний хувьсгал хийх, мах экспортод гаргах зэрэг томоохон зорилгыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Судалгаа хөгжлийн төвийн судлаач, ажилтнуудад даалгалаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ