Жирийн хүн алга болох нь зүгээр л статистик болдог бол алдартнууд алга болоход түүхэнд үлддэг аж. Зохион бүтээгчид, магнатуудын хүүхдүүд, улстөрчид, нисгэгчид алга болохдоо ардаасаа олон таавар, хувилбар дэвшүүлэхэд хүргэдэг байна.
Майкл Рокфеллер
Майкл бол Америкийн хамгийн баян иргэн Нельсон Рокфеллер эцгийнхээ “амины хүү” байгаагүй юм. Тэрбээр их сургуулиа хаяж, армид алба хааж, энгийн л хүн шиг аж төрж байжээ. Харин дараа нь түүний эцэг Нью-Йоркийн амбан захирагч болоод улстөрд орох үед Шинэ Гвинейд экспедици хийхээр явжээ.
Мэдээж энэ бол тэрбумтны хүүхдүүд тэр бүр очдоггүй өвөрмөц хачирхалтай газар гэдгийг хүн бүгд мэднэ. Майкл омгийнхонтой уулзаж, тэд ч ёс заншил, ахуйн олдворуудаа түүнтэй дуртайяа солилцож байлаа. Гэвч Майкл нэг хэвийн зүйлийг хүссэнгүй.
Тэр хамгийн ховор, шилдэг, сайн гэснийг хүссэн байлаа. Бага Рокфеллерийн мөрөөдөж байсан зүйл нь астматуудын омгийнхны гээсэн зүйл байж гэнэ. Ингээд Майкл Рокфеллер сүүлчийн замдаа гарахаас өмнө бөө дээр очжээ. Бөө ч түүнд нүүрэн дээр нь үхлийн маск харж байна гэж анахаруулж.
Майкл юу бодсоныг мэдэхгүй ч хүн идэгчдийн омог руу явах гэж байгаа болохоор тэгж харагдсан байх гэж бодсон нь лавтай. Ингээд тэд усан онгоцоор явж байтал гэнэт хөмөрч, хүмүүс нь арайхийн эрэгт хүрч чаджээ.
Энэ газар хүн иддэг матраараа алдартай учир Майклтай хамт явсан хүмүүст аз дайрсан гэж ойлгож болохоор байлаа. Харин Рокфеллер тэр чигтээ алга болсон юм. Ингээд л дэлхийн хамгийн баян өв залгамжлагчийн албан ёсны сураг одоо ч гарахгүй явсаар байна. Үүнийг хүн иддэг астматууд идсэн байх магадлалтай гэж үзжээ.
Рауль Валленберг
Энэ хүнийг 2012 онд АНУ-ын Конгрессын алтан медалиар нэхэн шагнаж, Австрали, АНУ, Унгар, Канад, Израилийн хүндэт иргэн болгосон юм. Шведийн дипломатч Рауль Валленберг хэдэн арван мянган унгар еврейг лагерь руу явуулахаас аварсан гавьяатай гэнэ. Түүнийг хамгийн сүүлд 1945 оны нэгдүгээр сарын 18-нд Будапештэд жолоочтойгоо явахыг харжээ.
Сүүлд нь дипломатчийг гадаадын бусад олзлогдогчид Лефортовын хориход байхыг харсан гэдэг ЗХУ-ын задарсны дараа шинэ удирдлага нь Рауль Валленбергийг ЗХУ-д баривчлагдсан этгээд байсан гэдгийг баталжээ. Үнэндээ дипломатчийн хувь заяа цаашид хэрхсэн нь оньсого хэвээр үлдсэн юм.
Валленбергийн ул мөр 1947 онд нэг шоронд байхдаа алдарсан гэдэг. КГБ-ын генерал Судоплатовын бичсэн дурсамж номон дээрх бол Валленбергийг Булганины хувийн зарлигаар саатуулж, Молотовын заавраар 1947 онд хөнөөсөн гэнэ. Генерал үзсэнээр Рауль Валленбергт үхлийн тариа хийж, цогцсыг нь Доны сүмийн шарил шатаах зууханд шатаажээ.
Мөн Валленбергийг одоо ч амьд байгаа гэх хувилбар байдаг. Озерлагийн хоригдлууд байсан польшууд болон Цихоцкий, Ковальский нар Валленбергтэй нэг газар уулзаж байсан гэдэг. Өөр нэг хувилбараар Владимирын централд түүнийг харсан гэдэг. Польшууд мөн түүнийг 1959 оны аравдугаар сард ч амьд байсан гэлцдэг. Үүнээс гадна Москвад 2000 онд ирсэн Валленбергийн хэргийн асуудлаарх Шведийн комиссын гишүүд түүнийг амьд байж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй байна.
Жимми Хоффа
Жимми Хоффа бол Америкийн кинонуудад мэргэжлийн босс ямар байдгийг үзүүлдэг дүр төрх гэж хэлж болно. Нийгмийн хамгийн доод давхаргаас гарч ирж, 1952 онд ачаа тээвэрлэлтийн мэргэжлийн холбооны удирдагч болсон тэрбээр холбоогоо дээд зэргийн авлигын үүр уурхай болгож, энэ асуудлыг шалгахаар 1957 онд сенатч Жон Макклеллан тэргүүтэй тусгай хороо хүртэл Сенатад байгуулахад хүргэсэн юм.
Харин 1964 онд л Хоффаг илчилж, Их шүүхийн гишүүнийг худалдан авах гэсэн оролдлогоор нь 8 жил, мөн тэтгэврийн сангийн мөнгийг луйвардсан хэргээр дахин 5 жилийн ял авсан байна. Гэвч 13 жилээс 5 жил нь л суусан юм. 1971 онд Никсон Хоффагийн ялын хугацааг бууруулжээ. Хоффад хоёр сая долларын тэтгэвэр олгосон боловч мэргэжлийн холбооны үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ. Тиймээс Хоффа Детройтын байгууллагад ирсэн байна.
Харамсалтай нь тэр бодож санаснаа ч биелүүлж чадалгүй, 1975 оны дөрөвдүгээр сарын 30-нд ор сураггүй алга болжээ. Хамгийн сүүлд түүний Детройтын дагуул хот Блумфилд-Тауншипт өдрийн 3 цагийн үед рестораны машины зогсоолын дэргэд байхад нь харсан гэдэг. Үүнээс өмнө тэрбээр эхнэр рүүгээ автомат утсаар ярьсан гэдэг. Зогсоол дээр Хоффагийн машин онгорхой байсан боловч өөрийнх нь ул мөр огт илрээгүй байна. Хоффаг алга болсныг хараал зүхэлтэй холбон тайлбарлаж, кино зохиол хүртэл бичсэн аж.
Сизигмунд Левандевский
1937 онд Сталины зөвлөгөөний үеэр баатар нисгэгч Сигизмунд Левандевский босож ирээд “Нөхөр Сталин. Би нэг мэдэгдэл хийхийг хүсч байна” гэжээ. Сталин ч гайхаж, “Мэдэгдэл ээ?” гэж асуухад “Би Туполевт итгэдэггүй, түүнийг хортон гэж үздэгээ албан ёсоор мэдэгдэхийг хүсч байна. Тэр санаатайгаар хортой онгоц хийж, яг хариуцлагатай мөчид тэр нь ажиллахаа больдог.
Туполевын машинаар би дахин нисэхгүй” гэжээ. Туполев энэ үеэр эсрэг талд нь сууж байсан бөгөөд бие нь мууджээ. Энэ бол өөр нэгэн баатар нисгэгч Байдуковын дурсаж хэлсэн үг юм. Ингээд ДБ-1-ийн туршилтын нислэгийг зөвшөөрчээ. Маргааш өдөр нь Леваневский баруун хөдөлгүүр нь ажиллагаагүй болсон, цаг агаарын нөхцөл муудлаа гэж мэдэгдсэн байна.
Ингээд л тэр радио холбоо нь тасарчээ. Үүнээс хойш түүнийг ч, онгоцыг нь ч хэн ч хараагүй юм. Домогт нисгэгчийг алга болсон асуудлаар олон хувилбар дэвшүүлдэг боловч нэг нь ч нотлогдсон зүйл байдаггүй аж. Онгоцыг Якутаас Аляск хүртэл хайсан байна. Өнгөрсөн жил РГО-гийн экспедици Ямалаас үл мэдэгдэх онгоцны сэг болсон ч Леваневскийн онгоц гэсэн баталгааг одоогоор гаргаж ирээгүй байна.
Владимир Александров
Владими Александров шинжлэх ухаанд ч, амьдралд ч авьяаслаг нэгэн байсан юм. Тэрээр англиар хайртай техас аялгаараа ярьж, найз нөхөд олонтой нэгэн байжээ. Хилийн чанад дахь томилолтоороо зочид буудалд биш, гадаад найзуудындаа өнжиж, ил тод, нээлттэй, ер бусын сэтгэл татах чадвартайгаар нь хүмүүс түүнийг биширдэг байв.
Александров нь цөмийн зэвсгийн онолч байсан. 1983 онд тэрээр эрдэмтэдтэй чуулган хийх үеэрээ одоо байгаа цөмийн зэвсгийн 30%-ийг хэрэглэхэд л дэлхий дахины амьдрал үгүй болж, манай гарагт өмнөх байдалдаа эргэн орж чадахгүй гэж мэдэгдэж байжээ. 1985 онд Александров Испанид бага хуралд оролцоод Москва руугаа буцахын өмнөхөн зугаалахаар зочид буудлаасаа гараад алга болжээ. Үүнээс хойш хэн ч түүнийг хараагүй юм. Физикчийг алга болсныг тусгай албадынхан хулгайлсан байж болзошгүй гэж үзэж байна.
Рудольф Дизель
1913 оны санхүүгийн хямрал зохион бүтээгч Рудольф Дизелийг үгүйрүүлж орхисон юм. Гэсэн ч тэр урьдын адил бүх зүйл сайхан болно гэсэн найдлага дүүрэн байлаа. 1913 оны есдүгээр сарын 29-нд тэрээр Антверпенд “Дрезден” уурын хөлөг онгоцонд суугаад, Лондон руу шинэ үйлдвэрээ нээхээр явжээ.
Үүнээс хойш Рудольф Дизелийг хэн ч хараагүй юм. Түүний алга болсон тухай олон янзын хувилбар дэвшүүлдэг. Заримд нь Рудольф зүрхний шигдээс тусаж, хөлөг онгоцноосоо унасан гэдэг. Түүнтэй төстэй хүний цогцсыг есдүгээр сарын 30-нд уснаас гаргаж авсан ч үнэхээр Дизель мөн эсэх талаар одоо ч маргадаг.
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Дизелийн гэр бүл ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудлаа зохицуулчихсан байдаг. Тэд алга болсон гэр бүлийнхээ гишүүний патентуудыг худалдсан байх магадлалтай. Гэвч Дизель яагаад гэр бүлээ өлсгөлөнгөөс авахын тулд өөрөө патентаа зараагүй юм бэ гэсэн асуулт үүснэ.
Дизель хөдөлгүүр тухайн үед аль хэдийнэ “зууны гайхамшиг” байхаа больсон байлаа. Үнийг амархан хуулбарлаж, төхөөрөмжийг нь мэддэг болчихсон байсан юм. Хоёрдугаарт, Дизелийг алга болсон асуудлаар олон мөрдөгч байцаалт явуулсан боловч бүгд л түүний хоёр найз, нэг үйлчлэгчийг хардаж эхэлсэн байдаг.
Рудольфын найзууд өмнө нь бэлтгэсэн домогтоо бэлтгэж, харин үйлчлэгч зүгээр л худалдагдсан гэж үздэг. Рудольф Дизель алга болохын өмнө хөлөг онгоцны өрөөндөө бүгж, унтлагын хувцсаа өмсөж, цагаа орныхоо дэргэд өлгөөд унтахдаа бэлтгэж байсан гэдэг.
Түүний малгай, цув өлгүүр дээрээ олджээ. Түүнчлэн хөлөг онгоцны зорчигчдын жагсаалт дээр Дизель гэдэг овог байдаггүй, хөлөг онгоцноос олдсон зүйлс дотор “Рудольф Дизель”-ийн 100% өөрийнх нь гэх нэг ч зүйл байгаагүй гэдэг. Цаасан дээр ч, паспорт дээр ч, бүртгэлийн дэвтэр дээр ч юм ч байдаггүй гэдэг. Яг л зохион бүтээгч энэ хөлөг онгоцонд суугаагүй мэт байв. Харин бүх гэрч, тэр дундаа Дизаелийн хүүхдүүд үнэнийг нуусныг сонирхож байсан биз ээ.
Эх сурвалж: russian7.ru/post
Орчуулагч: Марта