Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг нар эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзав. Тэд түгжрэлийг бууруулах чиглэлд хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Авто машин ачилтын журамд дараах өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна. Ингээд журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог. Үлдсэн 45 хувь нь оношилгоонд ордоггүй, засвар үйлчилгээгээ цагт нь хийлгэдэггүйгээс осол гаргах нь их байдаг аж.
Сүүлийн жилүүдэд жолооч нар торгуульд эмзэглэхээ больж, алдаагаа дахин давтахгүй байхад анхаарахаа больжээ. Иймд камеруудын хяналтаар дамжуулан машинуудыг торгуультай эсэхийг хянадаг болж, торгуультай машиныг нийслэлийн тодорхой бүсэд нэвтрүүлэхгүй, журмын хашаанаас машинаа авахын тулд жолооч торгуультай бол заавал төлдөг болно.
2015 онд торгуулийг цахимаар тооцож эхэлснээс хойш 2022 оны наймдугаар сарын байдлаар нийт 3,424,971 удаагийн зөрчилд 81 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ. Гэвч 2,305,153 удаагийн торгуулийн 47.9 тэрбум төгрөгийг төлсөн байна. 33 тэрбум төгрөгийн торгууль буюу 41% нь төлөөгүй байна.
Нийслэлийн авто зам дээгүүрх камерын 90 хувь нь ажилладаг. Эдгээрийг гурван жил тутам солих шаардлагатай ч 4-5 жилд сольдог байна. Нэгдүгээр эгнээнд 23 камер байсныг 44 болгожээ. Ингэснээр Офицеруудын ордноос Таван шар хүртэлх замыг бүрэн камержуулжээ.
Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн
Нийслэлийн удирдлагууд сүүлийн хоёр жилд түгжрэлийн шалтгаан, хүчин зүйлсийг хангалттай хэмжээнд судалж, НИТХ шаардлагатай шийдвэрүүдийг гаргажээ. Одоо эдгээрийг нэгтгэн Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатар танилцуулах юм байна.
Түгжрэлийг бууруулахын тулд 36 цогц арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Эдгээрээс хамгийн том буюу урт хугацаанд үргэлжлэх, Томоохон санхүүжилттэй төслүүд нь тойрог хурдны зам тавих, LRT болон дүүжин тээврийн төслүүд юм. Тойрог хурдны замыг барихын тулд Туул голын эрэг дагуу далан байгуулна. Энэ ажлын урьдчилсан судалгаануудыг хийх ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.