Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Тайландын Хаант Улсын Шадар сайд Журин Лаксанависитийн хэлсэн үг.
Тэрбээр “Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг, Эрхэм хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өө, Миний бие Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа туйлын их баяртай байна.
Монгол орны үзэсгэлэнт байгаль, өргөн уудам нутаг, байгалийн арвин баялгийг харах гайхалтай байна. Монголын ард түмэн тайчуудтай нэгэн адил найрсаг зочиломтхой хүмүүс байна. Тиймдээ ч манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон 1974 оноос хойш, 48 жилийн турш найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж байгаа билээ. Тайландын Хаант Улсын Засгийн газрыг төлөөлж өнөөдөр “Тайландын Хаант Улсын Худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдаанд оролцож байгаадаа баяртай байна. Тайланд, Монгол хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх асар их нөөц боломж бий гэдэгт би итгэлтэй байдаг.
Тайланд, Монголын Худалдааны хамтарсан хорооны уулзалт нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг илүү өндөр түвшинд хүргэх, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих өндөр түвшний чухал зөвлөлдөх механизм байх болно. 2021 онд Тайланд, Монголын худалдааны эргэлт 53.94 сая ам.долларт хүрч, Тайланд Монголоос 15.62 сая ам.долларын импорт хийж, Тайландаас Монгол Улсад 38.32 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байна.
Тайландаас Монголд гол төлөв цаас, картон, хөргөгч хөлдөөгч, эд анги, автомашины дугуй, ачааны машин, трактор, хүнсний бүтээгдэхүүн экспортолдог бол Монголоос Тайландад молибдений хүдэр, цэвэршүүлсэн зэс, арьс шир, кабель утас, нэхмэл эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Тайланд, Монгол Улс 2027 онд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
Хөрөнгө оруулалтын хувьд Тайландын компаниуд нүүрс олборлолт (BANPU Public Company Limited), уул уурхайн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ (Akaliko Global), эрүүл мэнд (Бумрунград олон улсын эмнэлэг), нарны эрчим хүч (Enserv Group) зэрэг салбарт нийт 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тайландын хөрөнгө оруулагчид Монголыг хөгжиж буй, өргөн нөөц боломжтой зах зээл гэж үздэг. Монгол Улс молибдений хүдэр, нүүрс, мөнгө, алт, газрын ховор элемент зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах либерал бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Тайландын хэд хэдэн хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа нь манай хоёр орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно.
Эцэст нь намайг болон Тайландын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Эрхэмсэг Хатагтай Батмөнхийн Батцэцэг болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан хаагчдад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Миний бие болон Тайландын төлөөлөгчид мартагдашгүй, сайхан дурсамжтай буцаж, Монголд дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.