Хулан агнасан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, өнгөрсөн Пүрэв гараг буюу есдүгээр сарын 1-нд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй ховордсон амьтан болох хуланг хууль бусаар агнажээ.
Түүнийгээ Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд:
Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн тус тус заасан байдаг.