АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трампын шилтгээнд хийсэн нэгжлэг түүнийг юунд сэжиглэж байгаа хийгээд, буруутай нь тогтоогдвол яах вэ зэрэг тус улсын хэвлэлийг олон талаас ургуулахад хүргэж байна.
Business Insider хэвлэл Трампыг холбооны дор хаяж 8 хуулийг зөрчсөн, нийт шийтгэл нь нийлбэл 90 гаруй жил хоригдох ял сонсох магадлалтай гэж баталжээ.
Мар-а-Лагод нэгжлэг хийсний дараа 11 багц нууц баримт олдсоны зарим нь төрийн нууцад хамаарч байсан гэнэ. Үүгээр бол Трамп дор хаяж 10 жилийн ял авна. Эсвэл томоохон торгуульд унаж магадгүй. Гэхдээ энэ бол шүүхийн үзэмжээр шийдэгдэх асуудал.
Уг мөрдлөг шалгалттай хамт өөр нэг хэрэг шалгагдаж байна. АНУ-ын Хууль зүйн хэлтэс Трампыг үнэхээр холбооны хууль зөрчсөн, нууц бичлэгийг нуух гэж оролдсон уу, түүнчлэн хууль шүүхийнхэнд саад болсон уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Уг мөрдлөг шалгалтыг явуулах болсон гол үндэслэл нь New York Times-ийн сурвалжлагч Мэгги Хаберманы мэдүүлэг. Тэрбээр АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг нууц бичиг баримтын хэсгүүдийг жорлон руу урсгахыг оролдсон гэжээ. Хаберман хэлсэн үгээ баталж, цаас хөвсөн суултуурын гэрэл зураг үзүүлсэн аж. Хэрэв энэ нь үнэн бол Трамп 3 хүртэлх жилийн хорих ял авна.
Прокурорын газар ч мөн экс Ерөнхийлөгчийн 2021 оны 1 сарын 6-ны бослогод өдөөн турхирсан хэргээр шалгаж магадгүй байна. Тухайн үед дэмжигчид нь Капитолыг эзлэн авсан билээ. Үүний төлөө Трампад 10 хүртэлх жилийн хорих ял оноож болзошгүй.
Цааш нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тусгай хорооны мэдэгдлүүд хөвөрнө.
Трампыг 2020 оны сонгуулийн албан ёсны үр дүнг гаргахад саад болсон гэдгээр нь 20 жил хорьж мэдэхээр байна. Хорооны баталж буйгаар Трампын баг Капитолын бослогын хэргийн гэрчүүдтэй холбогдох гэж оролдсон гэнэ. Гэрчүүдэд дарамт учруулбал 20 хүртэлх жил авч мэднэ.
Засгийн газрыг хуурах зорилгоор үгсэн хуйвалдсан хэрэг. Трамп сонгуульд ялагдсанаа сайн мэдэж байсан ч Ерөнхийлөгчийн өрсөлдөөни үр дүнг хуурамч гэдгийг нотлохоор үгсэн хуйвалдсан гэж хорооноос үзсэн. Үүний төлөө 10 жил эрх чөлөөгөө хасуулж магадгүй.
Эцэст нь цахим луйвар орно. Трампыг дэмжигчид 2020 оны сонгуулийн үр дүнгээр маргана хэмээн $250 саяыг цуглуулж, «Америкийг аваръя» нэртэй шинэ сан байгуулсан гэнэ. Энэ асуудалд Трамп буруутай нь тогтоогдвол 20 хүртэл жилийн ял авч мэднэ.
Ингээд дээд тал нь 93 жилийн хорих ял болж байна.
Гэхдээ энд нэг сонирхолтой зүйл гарч ирнэ. Трамп нэг юм уу хэд хэдэн зүйл ангиар буруутай гэдэг нь тогтоогдсон ч энэ нь түүний улс төрийн карьерыг төгсгөл болохгүй. Үндсэн хуульд заасан дүрмээр бол Ерөнхийлөгч болохын тулд АНУ-д төрсөн, удмынхан нь энд сүүлийн 147 жил амьдарсан, 35-аас дээш настай байхад л хангалттай. Шүүхээс ял авсан зэрэг асуудал огт хамаагүй.
Сонирхуулахад АНУ-ын түүхэнд ч ийм зүйл болж байжээ. Өнгөрсөн зууны 20-иод оны эхээр улстөрч Южин Дебс шоронд байхдаа 3,4%-ийн санал авсан аж. 1990-ээд онд луйврын хэргээр ял эдэлж байсан Линдорн Ларуш 20-иод мужид сонгуулийн жагсаалтад орж байжээ.
Эх сурвалж: www.kp.ru