Оросын нэрт зохиолч В.И Красногоровын бүтээл “Би ч гэсэн жаргамаар байна” уянгын драмыг есдүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд тайзнаа толилуулах гэж байна. Уг жүжгийг одоогоос 12 жилийн өмнө 2010 онд УДЭТ-ын тайзнаа анх тавьж байсан.
Тайзнаа анх тавигдахад жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Т.Хулан, Б.Тамир нар тоглож байсан бол 2018 онд жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Э.Тодгэрэл нар тоглож, үзэгчдийн хүртээл болгож байсан билээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолтод гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ /нөхөр/, Ж.Оюундарь /эхнэр/, соёлын тэргүүний ажилтан Т.Хулан /эхнэрийн найз/, залуу жүжигчин Б.Ганбат /нөхрийн найз/ нар тоглохоор болжээ. Жүжигчин Т.Хулангийн хувьд уг жүжгийн анхны тавилтад мөн эхнэрийн найзыг дүрийг бүтээж байсан юм. Түүний хувьд 2014 онд театраа орхиж 2022 онд эргэн ирсэн билээ. Оросын нэрт зохиолч В.И Красногоровын зохиол, ээдрээт хосын адармаат үйл явдлын талаар өгүүлэх энэ жүжгийг төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулан тавьсан юм. Ташрамд дурдахад, УДЭТ-ын уран бүтээлчид “Бүсгүйн зурвас” жүжгийг есдүгээр сарын 23, 24, 25-нд, “Надтай үлдээч” уянгын драмыг есдүгээр сарын 28, 29, 30-нд тайзнаа толилуулах юм байна.