Түүний амьдралынх нь сонголтууд хүнд хэрнээ хүндтэй. Ингэж тодотгосон хэд, хэдэн шалтгаан бий. Аавынхаа үргэлжлэл болж Онцгой байдлын албанд өөрийн мөрөөдлийг биелүүлэн, мэргэжлийн спорт болох Гал унтраах техникийн олон төрөлт спортын оргилд хүрч, үе тэнгийн залуусынхаа манлайд нь өргөмжлөгдөж байсан цаг үе түүний нэгдэх сонголт. Харин 2014 оноос хойш хэт бартаат замын авто спортыг сонирхож, хичээллэснээр тэрбээр хоёрдахь сонголтоо хийсэн. Аль, аль нь эрсдэл өндөртэй ч эр зориг, авхаалж, самбаа, мэргэжлийн ур чадвар түүнийг амжилтад хөтөлсөн нь дамжиггүй. Ийм л сонирхолтой түүхийг бүтээж яваа түүнийг Гантулгын Цэнгэлхүү гэдэг. Мэдээлэл, шуурай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын /101,105/ хэлтсийн ерөнхий зохицуулагч албан тушаалыг хашиж байгаа дэд хурандаа цолтой түүнийг “Онцлох зочин” буландаа урьж ярилцлаа.
–Амжилтад хүрэх, сэтгэл хангалуун амьдрах зам, мөрийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө бүтээдэг. Таны ажил, амьдралын холбоос ааваас эхлэлтэй ч өрнөл нь өөрийн хүсэл мөрөөдөл гэж дүгнэж болохоор юм?
Аав шигээ цэргийн хүн болно доо гэсэн мөрөөдлөө биелүүлсэн. Нэр хүндтэй сайхан албандаа аавынхаа залгамж халааг үргэлжлүүлж, тасралтгүй 20 дахь жилдээ ажиллаж байна. Бахархмаар сайхан. Анх 2002 онд НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2006-2009 онд Цагдаагийн академид суралцан төгсөөд мөн ангидаа салааны захирагчаар томилогдсон. 2012-2014 онд НОБГ-ын Гал унтраах хэлтэст мэргэжилтэн, 2014-2021 онд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ахлах зохицуулагч, 2021 оноос ерөнхий зохицуулагчийн үүргийг гүйцэтгэж байна. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид үүрэг гүйцэтгэж байхдаа нийслэлийн хэмжээнд гарсан томоохон гал түймрийн дуудлагуудад үүрэг гүйцэтгэж, шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж ажилласан. “Нарантуул” олон улсын худалдааны төв, ”Говь” ХК, “Хаан гэр” ресторан, “Саруул худалдааны төв”, “Анун төв”, “Хатан сүйх” ХХК-д гарсан түймрүүдийг онцолж болно.
– Таны амжилтын түүхийн шинэхэн хуудсын эхлэл нь гал унтраах техникийн олон төрөлт спорт. Хэд, хэдэн рекордыг шинэчлэн тогтоож, 10 дугаар анги гэдэг нэрийг энэ спортод тамгалсан алба хаагчийн нэг. Амжилт, бахдлын түүх сонин байна?
Албанд ороод удаагүй буюу 2013 оноос анх хичээллэж эхэлсэн. Арван жил гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэн, хамт олонтойгоо болоод ганцаарчилсан байдлаар олон ч амжилтыг үзүүлсэн. 2003 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд аваргалж байсан нь анхны амжилт. 2005 онд мөн л аваргын цом өргөж, довтолгооны шатны төрөлд мөнгө, 4х100 метр болон байлдааны тархалтын төрөлд тус бүр алтан медаль хүртсэн. Улмаар 2007 оны дэд аварга баг, саадтай 100 метрийн төрөлд мөнгө, 4х100 метрийн төрөлд хүрэл, байлдааны тархалтын төрөлд мөнгөн медалийн эзэн болж, 2011 оны дэд аварга, 4х100 метрийн төрөлд хүрэл медалийг хүртсэн амжилттай. Харин 2004 оны Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр, 2006 оны аварга баг, саадтай 100 метрийн төрөлд мөнгө, 4х100 метрийн төрөлд алтан медаль хүртэж, энэ төрөлд Монгол улсын рекордыг 59:30 секундын амжилтаар шинэчлэн тогтоож байлаа. Монгол Улсын хэмжээнд одоогоор энэ рекордыг эвдээгүй байгаа. Улмаар 2008 онд 4х100 метрийн төрөлд хүрэл, 2010 онд 4х100 метрийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн. Цагдаагийн академид сонсогч байхдаа академийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол оролцож, 2006 онд саадтай 100 метрийн төрөлд алт, довтолгооны шатны төрөлд мөнгө, 4х100 метрийн төрөлд алтан медаль, 2007 онд саадтай 100 метр болон довтолгооны шат, 4х100 метрийн төрөл тус бүр алт, 2008 онд саадтай 100 метрийн төрөлд хүрэл, 4х100 метрийн төрөлд алтан медалийг хүртсэн. Түүнчлэн нийслэлиййн аварга шалгаруулах “Марш тактик тусгай бэлтгэл”-ийн цогцолбор тэмцээний 2003, 2004, 2005, 2006, 2010, 2011 оны аварга, Цагдаагийн академийн “Марш тактик” тусгай бэлтгэлийн тэмцээний 2007 оны дэд аварга, 2008 оны аваргаар тус тус шалгарч байсан түүхтэй. Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастер цолыг 2010 онд хүртсэн. Тэмцээн бүрээс дараагийн удаад анхаарах, сайжруулах гээд үргэлж суралцаж ирсэн. Одоо ч суралцсаар л байна.
–Ингэхэд таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Нийслэл хотын хэмжээнд тохиолдож байгаа гал түймэр, аврах ажиллагаа, үер ус, цасан болон шороон шуурга, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага мэдээлэл хүлээн авч, удирдлага зохицуулалтаар хангаж ажилладаг. Хоногийн 24 цаг маш хурдан өнгөрдөг.
-Алба тайван амралттай үедээ юу хийх дуртай вэ?
Дулааны улиралд чөлөөт цаг гарвал мотоцикл, уулын дугуй (Enduro) унаж аялах дуртай. Мөн сэлэм, хутга, асаагуур болон саравчтай малгай цуглуулах хоббитой. Малгай, хутгыг хүүхэд байхаасаа цуглуулж эхэлсэн. Харин асаагуурыг 2012 оноос хойш цуглуулж байна.
Малгай гэхэд 60 гаруй төрөл байгаа. Тэмцээн, уралдаанд оролцоход ивээн тэтгэгч газар хийж өгнө, өөрсдөө багийнхаа логог хадаж өмсөнө. Ажил, мэргэжилтэй илүү холбоотой учраас цуглуулдаг. Асаагуур бол эр хүнд байх ёстой зүйлийн нэг гэж боддог. Тийм ч учраас төрөл бүрээр цуглуулна. Одоогоор 70 орчим төрөл байна. Найз нөхөд дурсгал болгож өгнө, өөрөө худалдаж авна. 20 гаруй төрлийн хутганы цуглуулгатай. Ихэнх нь Япон Улсынх. Чөлөөт цагаараа хутгануудаа ирлэх дуртай бас хөдөө гадаа их авч явна.
-Сониуч, хөдөлмөрч хүүхэд байж. Багадаа эзэмшсэн зан чанар үргэлж хүнийг тодотгодог гэдгийн илрэл байх?
Нэлээд дүрсгүй хүүхэд байлаа. Спортод сонирхолтой, сониуч зантай байсан минь ажил, мэргэжил, сонирхолд нөлөөлсөн байх гэж бодддог. Эхээс гурвуулаа. Айлын отгон хүүхэд. Булган аймгийн Булган суманд төрж өссөн.Миний аав Н.Гантулга нь Орхон сумын уугуул. 1975-1978 онуудад нийслэл хотод хугацаат цэргийн алба хааж, 1978-1989 онд Булган аймгийн тухайн үеийн Гал түймэртэй тэмцэх байгууллагын Гал түймэр унтраах 20 дугаар ангиас ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 1989-1994 онд Булган аймгийн Орхон сум Өлзийт хорооны Гал түймэр унтраах, аврах 78 дугаар ангид салаан дарга, бага дарга, 1994-2000 онд Орхон аймгийн Жаргалант сумын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангид салаан дарга, хорт хий утаанаас хамгаалах багны мастераар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Миний ээж Булган аймгийн Дашинчилэн сумынх. Айлын хоёрдахь охин. 1975-1977 онд Сэлэнгэ аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгсөж, 1977-1985 онд Булган аймгийн ахуйн үйлчилгээнд захиалга оёдолчин, 1985-1989 онуудад аймгийн Хөгжимт драмын театр оёдолчноор тус тус ажиллаж байсан.
-Та их сонирхолтой спортоор хичээллэдэг юм байна. Эрсдэлтэй учраас мэдрэх мэдрэмж нь хүртэл өвөрмөц байдаг байх. Энэ спортын талаар өөрөөс тань дэлгэрүүлж сонсох нь зүйтэй болов уу?
2014 оноос хойш хэт бартаат замын авто спортыг сонирхож, авто спортын мастер Д.Хүрэлчулуун найзынхаа хамтаар хичээллэж эхэлсэн. Хичээллэж эхэлснээс хойш өнөөг хүртэл улсын болон олон улсын тэмцээн уралдаануудад тогтмол оролцож, өөрийгөө сорьж байна. Тухайлбал, 2017 онд “Tarantula” 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнээс мөнгө, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Шонхор” challenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд аваргалж, 2019 онд Монголын бартаат замын авто спортын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Мазаалай” Сhallenge 4×4 хэт бартаат замын авто спортын тэмцээнд амжилттай оролцсон.
Улмаар 2019 онд Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан олон улсын “Rain forest challenge 4×4” хэт бартаат замын авто спортын тэмцээнд мөнгө, Малайз улсад зохион байгуулагдсан “Rain forest challenge 4×4” хэт бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт шалгарсан. 2020 оны улсын аварга шалгаруулах “Зэрлэг” хэт бартаат замын 4х4 тэмцээнээс мөнгө, 2021 онд ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан “Rain forest challenge БАЙКАЛ” олон улсын хэт бартаат замын 4х4 тэмцээний IV байрыг эзэлсэн. 2021 онд авто спортын мастер цол хүртсэн. Хичээл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш ч маргааш нь заавал ирдэг. Хамгийн гол нь аливаа эхлүүлсэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөж, хөлсөө урсгах хэрэгтэй. Хариуд нь аз жаргал, амжилт, анд, найзын нөхөрлөлийн барилдлага бий болдог. Өөртөө өгч болох хамгийн том шагнал гэж ойлгодог шүү.
–Барианаас гарахын өмнөх сэтгэлзүй, барианд орох үеийн сэтгэлзүй хэр өөрчлөгддөг вэ?
Хэт бартаат замын 4х4 тэмцээн өөрөө маш өндөр эрсдэлтэй спортуудын нэг юм. Авто спортын төрөлдөө дэлхийд өндөр эрсдэлтэй авто уралдаануудын эхний аравт бичигддэг. Тэмцээн уралдааны хувьд гараанд гарахдаа сандарч болохгүй, хамтрагчаа сэтгэл зүйгээр дэмжих, ямар нэгэн саад бэрхшээлийг хамтдаа даван туулах өндөр сэтгэл зүйтэй байх шаардлагатай байдаг. Хүнд хэцүү тэмцээнийхээ замыг дуусгаад барианд орох мөч бол юугаар ч зүйрлэшгүй хамгийн гоё мэдрэмж байдаг. Огшино, омогшино заримдаа нулимс унагана гэх мэтээр сэтгэлзүйн дотоод ертөнц илэрхийлэгддэг.
-Хамгийн чухал нь автомашин бас аюулгүй байдлаа хангах. Уралдаан, тэмцээнд ямар төрлийн автомашинтай оролцож байна?
Миний хувьд 11 хувийн дугаартай “DICTATOR” нэртэй Landcruiser-70 загварын автомашин, 111 хувийн дугаартай “GLADIATOR” нэртэй Suzuki samurai загварын автомашинуудтай. Хэт бартаат замын тэмцээн, уралдаанд оролцдог автомашинуудыг хамгийн сайн чанарын тоноглолоор тоноглосон байх шаардлагатай. Автомашины бэхэлгээ буюу (карказ) төмөр, жолооч болон чиглүүлэгчийн аюулгүйн суудал болон хамгаалалтын бүс, винч буюу өөрийгөө татагч PTO, нэмэлтээр автомашины урд хэсэгт байрлах цахилгаан винч буюу лебодка, нэмэлт хий хураагуур (Аir compressor) чанартай бартаат замын дугуй, обудтай байх хэрэгтэй. Мөн урд, хойд тэнхлэгийг бүтэн бэхэлсэн байх шаардлагатай. Аюулгүй байдлаа сайтар хангаж, бэлтгэлээ сайн хийж байж нэгт өөрийгөө хамгаална, хоёрт тэмцээнд амжилт үзүүлнэ.
-Завгүй их ажлын хажуугаар завсаргүй их тэмцээн, уралдаантай таны гэр бүлийнхэнтэй танилцмаар байна?
Ам бүл гурвуулаа. Эхнэр, охины хамт амьдардаг. Эхнэрийг маань Б.Уранцэцэг гэдэг. “Зууны эмэгтэй” гоо сайхны эмнэлэгт гоо сайханч мэргэжлээр ажилладаг. Охиныг маань Ц.Энхриймаа гэдэг. Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 93 дугаар дунд сургуулийн 9 дүгээр ангид сурдаг. Ажил, сонирхол бүрийг минь дэмжиж, амжилт үзүүлэх бүрт илүү ихээр хичээх урам зоригийг гэр бүлээсээ мэдэрдэг дээ.
– Залуус бидэнд үлгэр дууриалал болж, албаныхаа нэрийг улсдаа төдийгүй олон улсад гаргаж амжилтын дээдийг бүтээж байгаа тантай ярилцах сайхан байлаа?
Баярлалаа. Онцгой байдлын алба, гал унтраах техникийн олон төрөлт спорт хоёр бол миний амьдралын салшгүй түүхүүд. Тийм учраас мэргэжлийн энэ спортоор залгамж халаа болсон тамирчин залуус маань тив, дэлхийд нэрээ мөнхлөөсэй гэж хүсдэг дээ. Энэ дашрамд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байсан, гүйцэтгэж байгаа нийт удирдлага, хамт олон, найз нөхөд, алба хаагчдадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин