Мьянмарын засгийн эрхэнд байгаа цэргийн дэглэмийн шүүхээс тус улсын удирдагч асан Аун Сан Су Чи-д нэмж 3 жилийн хорих ял оноожээ. 2020 оны бүх нийтийн сонгуулийн явцад санал хураалтын дүнг будлиантуулсан гэдэг үндэслэлээр баасан гарагт нийслэл Нейпьидо-д болсон шүүх хуралдаанаас ийм шийдвэр гаргасан байна.
Шүүх хуралдаан хаалттай болсон тул өөр ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа аж. Өнгөрсөн оны эхээр болсон цэргийн эргэлтийн дараа саатуулагдсанаас нь хойш Аун Сан Су Чи-д 11 дэх удаагаа ял оноож байгаа нь энэ болж байна. Нийтдээ түүнд 20 жил хорих ял оноогоод байгаа юм. Өнгөрсөн сард авлигын хэргээр түүнд шүүхээс 6 жил хорих ял оноожээ.
Үүний зэрэгцээ Их Британи улсын элчин сайд асан Вики Боуман болон түүний нөхөрт нэг жилийн хорих ял оноосон шүүхийн шийдвэр Янгон хотод гарсан талаар орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлжээ. Тэднийг 8 дугаар сарын 24-ний өдөр саатуулан, улсынх нь цагаачлалын хуулийг зөрчсөн гэм буруутай гэж тогтоожээ.
Мөн Японы сэтгүүлч Кубато Тору хэд хэдэн хэрэгт буруутгагдан өнгөрөгч 7 дугаар сарын сүүлээс хойш хоригдож байгаа юм байна. Хэрэг нь одоогийн байдлаар шүүхийн шатанд яваа сэтгүүлчийг суллахыг Японы элчин сайдын яам шаардаж байгаа юм.