Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 ортой хүүхдийн цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад орлоо. Ийнхүү Баянзүрх сумын хүүхэд багачууд маань хичээлийн шинэ жилд тав тухтай, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.
Тус сумын хуучин цэцэрлэгийн барилга 1966 онд аж ахуйн аргаар баригдсан нэг давхар гурван байртай бөгөөд 2015 онд ашиглалтын хугацаа дуусаж онцгой байдлын газрын акт гарсан байна. Сумын удирдлагууд, багш ажилчид, эцэг эхчүүдийн зүгээс шинэ цэцэрлэгийн байртай болох хүсэлтийг УИХ-ын гишүүдэд удаа дараа тавьсны дагуу 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын төсөвт тусгуулж шинэ цэцэрлэгийн байртай боллоо.
Цэцэрлэгийн барилгыг “Хөвсгөл батчандмань” ХХК чанартай гүйцэтгэж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгсөн явдалд багш ажилчид, эцэг эхчүүд, хүүхэд багачуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа нээлтийн үеэр илэрхийлж байлаа.
MONTSAME