“ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ ХҮҮХДИЙГ СУГАЛААГААР СОНГОДОГ ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ШИЙДЛЭЭ”
Албаныхан зорьж очсон эхний газар нь “Нарлаг үрс” цэцэрлэг байв. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болгон зорин очсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд ярилцлага өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-Энэ жил 101 дэх хичээлийн жил. Шинэ зууны эхний хичээлийн жил гэж хэлж ч болно. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодог тогтолцооны гажуудлыг шийдэх алхам хийсэн анхны жил болж байгаагаараа онцлог. Асуудлыг бүхэлд нь шийдэхийн тулд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг санхүүжүүлж дөрвөн сарын хугацаанд холбогдох бүх албаныхан гар нийлж ажиллалаа. Энэхүү чухал шийдэлд хувийн хэвшлийн оролцоо чухал байсныг хэлмээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин олгож байгаа тул иргэдэд цэцэрлэгийн төлбөр урьд өмнөхөөс хамаагүй багасаж байгаа. Цаашид цэцэрлэгийн хүртээмж, чанараа дээшлүүлэх учиртайг харууллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш дөрөвхөн сарын дотор шийдвэрлэж чадсан энэхүү жишээ нь манай улсын хувьд улсын төсвийг хуваарилахдаа нэг асуудлыг цогц шийдэх бус тэгшитгэн хуваарилах зарчмыг баримталж ирсэн нь алдаа байсныг баталж байна. Тиймээс цаашид асуудлыг эрэмбэлж, цогц шийдэх нь чухал байгааг харлаа. Бидний дараагийн зорилго бол хот хөдөөгийн сургалтын чанар, стандарт нэгэн адил байх ёстой. Ойролцоох аймаг сумаас хүүхдээ сургах гэж нийслэл хот руу орж ирэх ёсгүй гэсэн үг. Ирэх жилээс бид багш нарын нийгмийн асуудлыг шийднэ. Хөдөө орон нутгийг зорих боломжийг олгож, ипотекийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх болно хэмээлээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах болсонд хамтарч ажилласан бүхий л хүмүүст талархал илэрхийлье. Улаанбаатар хотын хувьд цааш цаашид баригдаж буй орон сууцны хороолол, хотхон бүрийг сургууль цэцэрлэгтэй байхаар төлөвлөхийн дээр “Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарын стандарт”-ыг боловсруулж мөрдүүлэхээр зорин ажиллаж байна. Орон сууцны хорооллуудын ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгтэйгээр төлөвлөх, салбар хоорондын уялдааг нэмэгдүүлэх гэхчлэн хийх ажил их байна” хэмээн өгүүлсэн юм.