Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвөөс баруун тийш 8-15 км-т Бүрэнтогтох сумын нутагт, Дэлгэрмөрөн голоос 200-400м зайд хайрга олборлоод орхисон 20 орчим том жижиг нүх байдаг бол одоо олборлолт явуулж байгаа таван том талбай бий. 2021 онд ухсан нүхэнд нь хүүхэд тоглох гэж ороод нас барсныг нутгийнхан мэдээлдэг. Нугын тохойн малчдын мал хавар, өвөл унаж үхэх нь байнга. Шөнө орой нутгийн иргэд зорчиход карьерт орчих гээд маш хүндрэлтэй байдал үүссэн аж.
Дэлгэрмөрөнгийн Нугын тохойн тэр хэсэгт усны олон төрлийн шувууд нутагладаг ч түгээмэл тархацтай ашигт малтмалын уурхай, том машины дуу чимээ, чичиргээ, тоос шороонд үргэж, дүрвэсээр үзэгдэхээ больсон байна. Ойр хавийн өвс ургамал шороонд дарагдаж, сул шороо, халцгай газар тэлсээр, Мөрөн хотын тоос шороо эрс нэмэгдэх болжээ.
Голын хажуугаас шинэ газар ухдаг, өмнөхөө онгорхой хаядаг байдал нь Хөвсгөл аймагт 2000 оны сүүлээс тогтмолжсон гэдгийг орон нутгийн иргэд салбарын яаманд уламжилжээ. Энэ дагуу БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ газар дээр нь очиж ажиллаж тухайн бүс нутагт олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжид нэг сарын дотор нөхөн сэргээлт хийх, өөр газраас хайрга олборлох үүрэг өгчээ.
Эх сурвалж: MNB