ЗХУ-ын анхны ерөнхийлөгч Михаил Горбачев 8 сарын 30-нд таалал төгсчээ. 91 настай байсан түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн өнцөг булан бүрээс улстөр, нийгмийн зүтгэлтнүүд эмгэнэл илэрхийлсээр байна.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын мэдээлснээр, Владимир Путин Горбачевыг таалал төгссөнтэй холбогдуулан гүнээ гашуудаж байгаа гэжээ. “Өглөө тэрбээр төрөл төрөгсөд, ойр дотныхон руу нь цахилгаан илгээнэ” хэмээн Кремлийн төлөөлөгч хэлсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Twitter-тээ ЗХУ-ын анхны бөгөөд цор ганц ернөнхийлөгчийг Европт энхийг тогтоох эрмэлзэл түүхийг өөрчилсөн гэжээ. « Михаил Горбачев таалал төгссөнд эмгэнэл илэрхийлж байна. Тэр бол энх тайвны төлөө тэмцэгч. Түүний сонголт Орост эрх чөлөөний замыг нээсэн », – гэж Францын тэргүүн олон нийтийн сүлжээндээ бичжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Горбачевын хүйтэн дайныг зогсоосон эр зориг, шударга зангаар үргэлж бахархдаг байсан гэсэн байна.
Еврокомиссын тэргүүн Урсула Фон Дер Ляйен Горбачевыг найдвартай, хүндлэл хүлээсэн удирдагч гээд, ЗХУ-ын анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч хүйтэн дайныг зогсооход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, эрх чөлөөт Европын замыг нээсэн хэмээжээ.
Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони Горбачевыг « ХХ зууны түүхийг өөрчилсөн хүн» хэмээн нэрийдээд «Ардчиллын аварга тэнгэрт дэвшлээ. Олон улсын улс төрийн энэ хүнд хэцүү мөчид түүний зөн билэг, саруул сэтгэлгээ онцгой анхаарал татах болно» гэжээ.
Америкийн жүжигчин, Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггер ЗХУ-ын анхны Ерөнхийлөгчтэй танилцсанаа дурсаад, үргэлж баатар хэмээн дурсана, харин одоо тэрбээр хайрт Раисатайгаа эргэн нэгдэхээр аз жаргалтай байгаа гэжээ.
Эх сурвалж: mir24.tv