Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат, Л.Ариунтуяа нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллаж байна. Тус дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлын явц болон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл эхлээд өгсөн юм.
Энэ онд дүүргийн төсвөөс нийт ₮18 тэрбумын санхүүжилтийг баталж, газар чөлөөлөлтийг хийж байна. Тэр хэрээрээ газар чөлөөлөлтийн ажил бусад дүүргээс харьцангуй сайн байгааг тэрбээр хэлж байлаа. Улмаар дүүргийн төр захиргааны байр, эрүүл мэндийн төв, эмч нарын орон сууцны барилга, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, замын ажлын трасс дагуух газрын асуудлыг шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүрэгт 112 төсөл он дамжин хэрэгжиж байна
Чингэлтэй дүүрэгт 112 төсөл он дамжин хэрэгжиж байна. Үүний 82 төсөл нь шинээр хэрэгжиж байгаа аж. Тухайлбал, дүүргийн есдүгээр хороонд 1.6 км авто зам барих ажил эхэлсэн байна. Эхний ээлжид хоёр эгнээ барьж буй уг замын трасст орсон газруудыг чөлөөлж, цаашаа 4 эгнээ болгохоор төлөвлөсөн байна.
Мөн 2 дугаар хороонд нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй Сервис центрийн барилга ашиглалтад орсон байна. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн амбулаторийн барилгын ажил удаашралтай байгаа бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газар шахаж ажиллах шаардлагатай байгааг Засаг дарга Н.Батсүмбэрэл сануулсан юм. Дүүргийн хэмжээнд 11 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт, 32 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах ёстой. Бүх хүүхдийг цэцэрлэг, сургуульд хамруулж чадсан бөгөөд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагджээ.
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буй Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га газрыг чөлөөлж, дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас эхлүүлсэн. Чөлөөлсөн талбайг бүрэн халдваргүйжүүлсэн бөгөөд одоогоор хөрс амраах шатанд ажил үргэлжилж байгааг албаны хүн хэлж байлаа.
Мөн Сэлбэ дэд төв, Сервис центртэй холбоотой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар төлөөлөгчид болон ажил хариуцсан хүмүүс санал солилцов. Улмаар зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ